“Трансвест Монголиа” ХХК-ийн 15 жилийн ойн баярын бүх ажилчдын баярын хурлыг нээж гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл үг хэллээ.
Одоогоор тус компани 350 гаруй ажилчинтай бөгөөд Японы “Комацу” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголын уул уурхайн зах зээлд нийлүүлэн борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлж, өндөр мэдлэг, ур чадвартай Монгол инженер текникийн ажилтнуудыг бэлтгэн бизнесийн өндөр амжилтад хүрсэн байна.
“Трансвест Монголиа” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2010 онд Оюу Толгой ХХК-ийн ил уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарч байжээ.
"Трансвест Монголиа" ХХК-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх хэлэхдээ, “Манай компани 2009 онд дөнгөж байгуулагдахдаа "Оюу толгой" гэдэг ганцхан том харилцагчтай байлаа. Оюу толгой төслийн ил уурхайд "Комацу" брэндийн техникүүдээ нийлүүлэхэд бүх анхаарлаа хандуулж, мэргэжилтэй боловсон хүчнээ шинээр сургаж бэлтгэн, баг хамт олноо гадаадын мэргэжилтнүүдээр зонхилон бүрдүүлж байсан бол өнөөдөр Монголын үндэсний инженерүүд, нэг үгээр үндэсний боловсон хүчин компанийн маань ноён нуруу, бизнесийн гол тулгуур багана болж байна” хэмээлээ.
Энэхүү компани Монгол улсын "ТОП 100" аж ахуйн нэгжийн жагсаалтад байр ахисаар байна. Үүсэн байгуулагдсанаас хойших хугацаанд бүх төрлийн татвар хэлбэрээр 200 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Монголын Үндэсний Татварын "А" зэрэглэлийн компани болжээ. Ашигтай ажиллаж, улсад төлсөн татварын хэмжээ маань байнга өссөөр байгаа учраас "Трансвест Монголиа" компани байр ахисаар байгаа юм. Мөн дэлхийн хэмжээний зэс, алтны төсөл хэрэгжүүлдэг "Оюу толгой" ХХК-аас олгосон "Шилдэг ханган нийлүүлэгч" болсон байна.