И.Отгонжаргал
11 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулган-2024 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо.
Mонголын эдийн засгийн чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн 4, салбар 14 хуралдаан хийхээр зохион байгуулсан нь хэлэлцэх сэдвүүдийг илүү нарийн задалж, өргөн хүрээтэй хэлэлцэхээр зорьсон гэсэн үг. Нэгдсэн болон салбар хуралдааны нийт 18 сэдвийг харахад бүгд хэлэлцэх учиртай, ач холбогдолтой байсан нь нэг талаас эдийн засаг, нийгмийн өмнө шийдэл хүлээсэн олон асуудал бий ч нөгөө талаасаа цаг үе, хөгжил ийнхүү хурдтай өрнөж байгааг бэлхнээ илтгэж буй гэлтэй. Нэгдсэн хуралдаан | буюу "Хөгжлийн бодлого" сэдвээр өрнөсөн хуралдааны хэлэлцүүлэг эрх барьж байгаа намуудын дарга нар болон олон улсын донор байгууллагуудын төлөөлөл ороцлсон юм. Энэ хэсэгт манай шинэ парламентад олон суудал авсан МАН, АН, ХҮН намын даргын хувьд Монгол Улс ардчиллын 30 жилд санаандаа хүртэл хөгжиж, ажиллаж чадаагүй, алдаа дутагдал байсан. Харин одоо эвсэж, хөгжлийн олон асуудлыг хамтдаа шийдвэрлэж, хурдтай ажиллана гэсэн тайлбар өгүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Монголын эдийн засгийн чуулганы индрээс "Өнгөрсөн хугацаанд Монголын төр, засгийн зүгээс гаргасан алдаа сургамжийг нэгтгэж байгаа нь эдийн засгийн форумын нэг гол зорилго. Үүнийг олон намын тогтолцоо байгаа нөхцөлд шилжилт, хяналтыг хийнэ. Хяналтын чиг үүрэгтэй функцуудыг сөрөг хүчинд өгч хамтарч ажиллахыг урьж байна. Ингэснээр бидний харах өнцөг өөрчлөгдөж, бүтээмж нэмэгдэнэ. Хөгжлийн төлөө хамтдаа хурдтай ажиллаж, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээцгээе” хэмээсэн юм.
Харин уг салбар хуралдааны үеэр CNN агентлагийн сурвалжлагч Ричард Квест "Ардчилал бодитой оршино гэдэг маань сайн сөрөг хүчинтэй байх ёстой. Та бүгдийн ярианаас цаашдаа өөр зарчмаар урагшилъя гэсэн бодолтой байгааг ойлголоо. Өмнөх мажоритар систем шаардлага хангахгүй байсан гэдэгтэй санал нийлж байна" хэмээн манай эрх баригч улстөрчдийн битүү хатуу хэлснийг бүрэн тайлж ойлгуулан, товч тодорхой дүгнэв.
Цаашлаад Нэгдсэн хуралдаан ІІ буюу "Ногоон эрчим хүч, эрчим хүчний салбарын либералчлал" хуралдааны үеэр эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбоотой олон чухал асуудал яригдсан. Ялангуяа эрчим хүчний үнийг чөлөөлж, зах зээлийн тогтолцоо руу шилжүүлэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн болон мэргэжлийн бус, дотоод, гадаадын олон хүн онцолсон. Тухайлбал, "Бадрах Энержи" компанийн захирал Марк Мелеард "Яагаад заавал татаас ашиглах ёстой юм? Эсвэл бид энэ татаасыг өөр байдлаар шийдэж болох уу.
Жишээ нь, хувь хүмүүс, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд гээд тарифын ялгавартай тогтолцоо руу шилжиж болох юм. Бусад оронд тухайлбал, Украинд 2015 онд тарифыг өсгөх бодлого хэрэгжүүлсэн байдаг" гэв.
Мөн энэ үеэр эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний асуудал ч нэлээд түлхүү яригдсан. Энэ чиглэлд "Энвижн Энержи" компанийн Бизнес хөгжил хариуцсан захирал Li Li Lu "Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимтэй хэрэгжиж байна. Энэ үүднээс одоо байгаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө илүү хурдтай ажиллах хэрэгтэй" хэмээсэн.
Нэгдсэн хуралдаан III буюу "Хотын реформ" сэдвийн хүрээнд "алдарт" агаарын бохирдол, замын түгжрэл, хот төлөвлөлт, хотын соёл, стандарт зэрэг асуудлууд яригдсан юм.
Нэгдсэн хуралдаан IV буюу "Эрсдэлийн менежмент-бидний авсан сургамж" хуралдааны үеэр банкны салбарын шинэчлэлийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөхөд анхаарсан. Үүнд системийн нөлөө бүхий таван банкны голлох хувьцаа эзэмшигчийн монополийг задлах зорилготой хийгдсэн банкууд ІРО гаргасан үр дүн болон цаашид гадаадын зах зээлд хувьцаа гаргах асуудлыг хөндсөн юм.
Энэ удаагийн чуулганы 14 салбар хуралдаан бүрийн оролцогчдын идэвх оролцоо сайн байсан бөгөөд "Уул уурхай ба чухал ашигт малтмал-өнөөгийн нөхцөл байдал" VI салбар хуралдаан хамгийн олон гадаадын оролцогчтой байв. Энэ үеэр салбар хуралдааныг чиглүүлэгчийн зүгээс зочдод 126 гишүүнтэй шинэ парламентад уул уурхайн салбараас өмнө нь байгаагүй олон хүн гишүүн болсныг онцлон дуулгахад гадаадын хөрөнгө оруулагчид таатай хүлээн авч байв. Мөн энэ үеэр Эдийн засгийн чуулганд хамгийн их дурдагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон чухал ашигт малтмалд багтах металууд зэрэг газрын ховор элементийн эрдсийн талаар түлхүү ярьсан юм.
Төр, засгийн зүгээс чуулганы орол- цогчдод өнгөрсөн УИХ, Засгийн газрын зүгээс урт хугацаанд хэрэгжих стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг онцолж байсны дотор Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн тухай онцгойлон дурдсан юм. Энэ талаар хурлын сэдэв бүр дээр шахуу хөндөгдсөн бөгөөд "Үндэсний баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага" сэдэвт ХІ салбар хуралдаанаар өргөн хүрээнд хэлэлцлээ.
Манай зүгээс уг хуулийг илүү олон улсын түвшинд ойртуулж шинэчлэн боловсруулсан хэмээн онцлох зүйл заалтыг нь дурдаж мэдээлэл өгсөн. Харин дотоод, гадаадын цөөнгүй оролцогчдын зүгээс Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтэд голлох үүрэгтэй буюу орлого төвлөрүүлэх төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, улс төрөөс ангид байлгах шаардлагатайг хэлж байлаа.
Баялгийн сангуудад олон төрлийн бүтээгдэхүүн, зах зээлийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын зөвлөмж өгөх байдлаар төрөлжсөн хөрөнгийн багцтай болоход нь дэмжлэг үзүүлдэг "Ston- ех" компанийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлэв.
Бусад хэлэлцсэн асуудлын тухайд энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганд анх удаа уур амьсгалын санхүүжилт сэдвийг тусгайлан авч үзэж, "Уур амьсгалын хөрөнгө оруулалт" нэртэй VII салбар хуралдаан зохион байгуулсанд олон хүн олзуурхахын сацуу хэлэлцүүлэгт ч мэргэжлийн шинэ залуу хүмүүс оролцож, энэ талаар чухал ойлголт мэдээлэл өгч, асуудлыг зөв хөндөн тавьж байснаараа нэлээд сонирхолтой, шинэлэг байсан юм. Олон оролцогчтой салбар хуралдаануудын ч нэг байж чадсан. Хэлэлцүүлгийн үеэрх онцлох санаануудыг тэмдэглэхэд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд асан Г.Түвдэндорж “Уур амьсгалын өөрчлөлт бол тусдаа асуудал биш. Эдийн засгийн хөгжил болон бүхий л салбарын нэгдсэн бодлого уур амьсгал руу чиглэх ёстой. Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн бүх улс ногоон хөгжил, технологи, санхүүжилтийн асуудал дээр олон үүрэг амлалт авсан” гэв. Түүний хэлснээр манай улс дээрх үүрэг амлалтын дагуу зөвхөн байгаль хамгаалах чиглэлд гэхэд жил бүр 13- 14 их наяд төгрөг зарцуулах шаардлагатай гэсэн тоо гарсан аж.
"Эрнст энд Янг Монголиа Аудит" ХХК- ийн Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын үйлчилгээ хариуцсан менежер Ц.Дөлгөөн "Ногоон болон тогтвортой санхүүжилт ярихаар илүү хямд эх үүсвэр хайж байна. Бид тогтвортой санхүүжилт, байгаль орчноо хамгаалах талаар сэдэв болгоод ярьдаг ч хүн бүр гэртээ хариад энэ тал дээр энгийн алхмуудыг хийдэг үү? Дата мэдээлэл, тайлагнал, ач холбогдол дутуу гээд байгаа нь эсрэгээрээ бидний мэдлэг ойлголт дутуу байгаагийн шинж. Тиймээс хүн бүрийн хандлага, сэтгэлгээний өөрчлөлт их чухал байна" хэмээв.
Монголын Ногоон санхүүжилт корпорацийн Гүйцэтгэх захирал М.Болд "Бидний хийсэн судалгаагаар гэр хорооллын айл өрхийн гуравхан хувь нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл авах боломжтой гэж гарсан. Тиймээс энэ боломжийг хүртээмжтэй болгохын тулд төр-орон нутгийн төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвийн хөнгөлөлт, татаасыг банкны зээлтэй хослуулах шаардлагатай болоод байна" гэлээ.
Түүнчлэн гадаадын зарим төлөөлөгч Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдэхгүй бол 20-30 жилийн дараа өнөөдрийн байгаа бүтцээр нийслэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ямар ч боломжгүй болно хэмээн онцолж байлаа.
Бүсчилсэн хөгжлийн бодлого- хөрөнгө оруулалт, Тээврийн дэд бүтэц ба нийлүүлэлтийн гинжин хэлхээ, Хөдөөгийн хөгжил ба хоршоо- эрчимжсэн мал аж ахуй, Хотын хөгжил ба ухаалаг хот, Аялал жуулчлалын боломж ба сорилт, Хөрөнгө санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж, Дижитал засаглал ба дижитал эдийн засаг- гаргасан ахиц, Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн коридор Гэсэн сэдвүүдээр хэлэлцсэн Монголын эдийн засгийн чуулганд оролцсон ялангуяа гадаадын зочин төлөөлөгчдийн хувьд Монгол Улсын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй орчин бүрдүүлэх нь, улс төр нь тогтвортой байх нь эдгээр чиглэлд шинэ парламент, Засгийн газар нь тодорхой, зоримог зүйлс хийх юм байна гэсэн итгэл төрүүлсэн юм. Дараа жилийн Монголын эдийн засгийн чуулганаар хэр бодитой, үнэн мэдээлэл, зорилготой зүйл хэлж ярьж байсан нь, бодит ажил хэрэг болсон эсэх нь харагдах биз ээ.