Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Шинэ технологийн ачаар АНУ-д шатдаг занарын олборлолт эрчимжиж байна

Ч.Сансар

АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэгчид 2024 оны олборлолтын таамаглалаа өсгөх хандлагатай болж байна. Учир нь занар үйлдвэрлэгчид технологи сайжирсаны үр дүнд, арай бага зардлаар илүү их хэмжээний газрын тос олборлох боломжтой боллоо. Харин энэ нь зах зээлд газрын тосны нийлүүлэлт хэтэрч, үнэ буурч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Diamondback Energy, APA Corp, Devon Energy, Occidental, Chevron, Exxon зэрэг занарын томоохон компаниуд энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө шинэчилсэн гэсэн мэдээлэл гарч байна.

Macquarie групп энэ онд АНУ-ын газрын тосны олборлолт өдөрт 500 мянган баррелиар нэмэгдэнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн. Энэхүү таамаглал нь Эрчим хүчний мэдээллийн удирдлагын газрын тооцоолсон 300,000 баррелиаас давлаа.

Занарын салбарынхан занарын хэт нийлүүлэлт, үнэ ханшны уналт зэрэг өмнөх алдаагаа давтахгүй байхыг зорьж байгаа аж. Өмнөх алдаанаас сургамж авсан үйлдвэрлэгчид одоо олборлолтоо нэмэгдүүлэх гэхээс илүү ашигтай ажиллахад анхаарлаа хандуулж байна.

Сонирхолтой нь энэхүү хүлээгдэж буй олборлолтын өсөлт нь дэлхийн газрын тосны нөөц багассантай давхцсан байна. Одоогийн байдлаар газрын тосны нөөц нь өнгөрсөн арван жилийн дунджаас 120 сая баррелиар доогуур байна. Харин нөөц ийнхүү буурсан ч газрын тосны үнэ дэлхийн эдийн засгийн байдал, тэр дундаа БНХАУ-ын эдийн засгийн байдлаас шалтгаалж тогтвортой байна.

Мөн 8 дугаар сарын эхээр АНУ-ын түүхий нефтийн нөөц арван жилийн дунджаас 11 сая баррелиар буурчээ. Хэдийгээр нефтийн нөөц буурч байгаа ч занарын олборлолтын өсөлт нь үнэ ханшид нөлөөлж болзошгүй юм.

Урт хугацаанд, эрчим хүчний шилжилтийн явц удааширч, цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт буурсан тохиолдолд зах зээлийн үндсэн зарчмуудын ач холбогдол нэмэгдэх магадлалтай. Хэрэв ийм нөхцөл байдал үргэлжилсээр байвал занар үйлдвэрлэгчид үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлж, богино хугацаанд үнэ буурахаас үл хамааран газрын тосны эрэлтээс ашгаа олох боломжтой болно.

Эх сурвалж: Oilprice.com