Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ, БИРЖИЙН АРИЛЖААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Бүгд найрамдах Энэтхэг улсын BigMint агентлагаас 2024 оны 8 дугаар сарын 22-23-нд БНЭУ-д зохион байгуулсан 4 дэх удаагийн “Нүүрсний зах зээлийн төлөв” форумд Монголын хөрөнгийн биржийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан оролцож, Монголын нүүрсний зах зээл, биржийн арилжааны талаар танилцуулж, БНЭУ-д нүүрс экспортлох боломжийн талаарх хэлэлцүүлэгт оролцлоо. 

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлангаас “Нүүрсний зах зээлийн төлөв” форумын талаар  тодрууллаа.  "Арга хэмжээний үеэр МХБ нь биржээр дамжуулан коксжих нүүрс худалдан авах боломж, арилжааны дараах тээвэрлэлтийн нөхцөл боломж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй боомт, төмөр зам болон холбогдох дэд бүтцийн шинэчлэл, хэрэгжиж буй төслүүдийн талаар танилцууллаа. Илтгэлдээ доогийн төмөр зам болон Шивээхүрэн-Арцсуурь төмөр замын төслийг онцолсон".

-Энэтхэг улс гангийн үйлдвэрлэлээр нэлээд дээгүүрт ордог. Коксжих нүүрсний хэрэгцээ шаардлага ихтэй юм байна.

Дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 5 дугаарт, гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр 2 дугаарт эрэмбэлэгддэг. БНЭУ 2024 онд 144 сая тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлт 47 %-иар өсөх тооцоо гарсан. Үүнтэй холбоотойгоор тус улсын коксжих нүүрсний хэрэглээ 2030 он гэхэд 50%-иар өсч 117 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүний 95%-ийг импортлох шаардлага тулгарч байгаа юм байна. Энэ тухай Bigmint судалгааны агентлаг онцсон.

БНЭУ нь 2023 онд нийт 70 сая тонн коксжих нүүрс импортолсны 55%-ийг Австрали, 21%-г ОХУ, 11%-г АНУ, 4%-г Канад, 4%-г Индонез, 2%-ийг Мозамбик улс тус тус нийлүүлсэн бөгөөд тус улс нь импортын нүүрсний үнэ, хэмжээг тогтвортой хадгалах, импортлогч улсуудаас хараат байдлыг бууруулах үүднээс Монгол Улсаас нүүрс импортлох боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.