А.Халиун
Гурван намын хамтарсан Засгийн газар "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хэмээх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд 8 дугаар сарын сүүлчийн арав хоногт хэлэлцлээ. Мөн Засгийн газар ирэх 4 жилд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болон шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотой зардлыг тусгаж, 2024 оны төсвийн тодотголыг 8 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлэв.
Хэдийгээр хамтарч нэгдсэн ч төсвийн тодотголд улс төрийн нам эвслүүд няхуур хандаж, гишүүд ч нягтлан тодруулсаар УИХ-аар 2 дахь долоо хоногтоо төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж буй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэх шаардлага үүссэнийг онцлоод, энэ удаагийн төсвийн тодотгол нь шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх, мега төслүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавина" хэмээн УИХ-ын чуулганы танхимаас мэдэгдсэн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 15 төслийн 885.2 тэрбум төгрөг, эдийн засгийн бодлогын зорилт, арга хэмжээний хүрээнд 3 төслийн 378.3 тэрбум төгрөг, хүний хөгжлийн бодлогын хүрээнд 3 төслийн 222.6 тэрбум төгрөгийг тус тус төсвийн тодотголд тусгаад буй юм.
Бүсчилсэн хөгжлийн бодлого, зорилтод туссан Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилт гэх мэт олон төслийг төсвийн тодотголд багтсан.
Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэн либералчлах зэрэг зорилтуудыг зоригтой суулгаж, УИХ-аас дэмжлэг хүсэж байна.
Хөгжлийн томоохон төслүүдийг шуурхай эхлүүлэхэд эхний ээлжинд 2024 оны улсын төсөвт 3.1 их наяд төгрөг шаардлагатай ба ингэснээр 2024 оны улсын төсөв 30.2 их наяд төгрөг болж нэмэгдэх болно.
Засгийн газар нэмэлт зардлаа хаанаас олох вэ?
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний 7 сард гадаад худалдаа 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан ба экспорт өмнөх оны мөн үеэс 567 сая ам.доллар буюу 6.5%-иар өсжээ.
Экспортын 93.5%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх ба экспортын орлогын 567.3 сая ам.долларын 383.5 сая ам.долларыг нүүрсний экспорт бүрдүүлсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны 7 дугаар сараас 12.1 сая тонноор өсөж, 47.5 сая тоннд хүрсэн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлжээ.
УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж буй энэ өдрүүдэд Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо, "2024 оны төсөв баталж байх үед нүүрсний экспортыг 60 сая тонн байхаар төлөвлөсөн. Тэгвэл 2024 оны 8 дугаар сарын 23-ны байдлаар 53 сая тонн нүүрс гаргаад байна. Тиймээс энэ жил нийт 75 сая орчим тонн нүүрс гаргах хүлээлттэй байна" гэв.
Нүүрсний экспортын биет хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь төсөв тодотгож буй энэ өдрүүдэд итгэл найдвар төрүүлсэн боловч зэс, алт, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бусад түүхий эдийн экспорт ч өндөр байгааг энд дурдах хэрэгтэй.
Уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотой эдийн засаг идэвхжиж байна. Сангийн яам энэ оны эхний 6 сарын гүйцэтгэлд үндэслэн үлдэх хугацааны орлогыг тооцжээ. Оны эцэс гэхэд анхны батлагдсан төсвөөс ойролцоогоор 3 их наяд төгрөгөөр давах боломжтой Гэсэн өөдрөг төсөөллөөр төсвийн тодотголд ханджээ. Ингэснээр Засгийн газар нүүрс тэргүүтэй уул уурхайн бусад бүтээгдэхүүний экспортын өсөлтөд найдаж, 2024 оны улсын төсвийг тодотгож, хөгжлийн суурь болсон дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөхийг зорьж байна.