“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“Оюу толгой”-н ТУЗ)-ийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэнтэй холбоотой ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилж буйг мэдэгдэж байна. Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм.
Шон Хинтон нь Англи, Австрали иргэншилтэй бөгөөд Монгол Улсад ажиллаж, амьдарсан арвин туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн мэдлэгтэй.
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: “Оюу толгой" эдүгээ улс орныхоо томоохон экспортлогч, нийгмийн баялаг бүтээгч бөгөөд хөгжил дэвшлийн урт хугацааны түншлэгч болсон төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц уул уурхайн компаниудын нэг болох замдаа эргэлт буцалтгүй ороод байна. Оюу толгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замдаа итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно. Оюу толгой нь туулж ирсэн түүхийнхээ туршид цөөнгүй хүнд хэцүү цаг үе, сорилт бэрхшээлийг даван туулж баймааж бахдалтай агаад тэмдэглэлтэй ололт амжилтуудыг цогцлоосон замналтай. Энэ бүх амжилтад Оюу толгойн хамт олны хөдөлмөр зүтгэл шингэснийг бахархан тэмдэглэе. Хамт олондоо чин сэтгэлээсээ гүн талархалтай байна” хэмээн онцлов.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: Г.Батсүх нь Оюу толгойд зөвхөн ТУЗ-ийн даргаар зогсохгүй илүү өргөн хүрээнд ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм. Өнгөрсөн он жилүүдэд түүний манлайлал, мэргэн ухаан, алсын хараа Оюу толгойн хамт олны ихээхэн хүндлэл, гүн талархлыг хүлээсэн бөгөөд Оюу толгойн бүтээн байгуулалтын амжилтын түүхтэй салшгүй холбоотой билээ. ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтон томилогдож буйг дуулахад таатай байна. Тэрээр Монголд анх 1988 онд МУИС-д суралцахаар ирж байсан бөгөөд Монгол Улстай амьдралаа нягт холбосон нэгэн юм. Ажил, амьдралынхаа багагүй хугацааг бизнесийн болоод нийгэмд чиглэсэн цөөнгүй байгууллага хөгжүүлэх, олон улсын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад зориулсны зэрэгцээ Монголд хувийн бат бөх хүрээлэлтэй болж чадсан. Хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад тогтвортой өсөлт хөгжил, ололт амжилт авчрах их үйл хэргийг үргэлжлүүлэх, ирж буй он жилүүдэд “Оюу толгой”-н ТУЗ-ийг удирдан чиглүүлэх чухал ажилд тохирох манлайлагч гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар шинээр томилогдож буй Шон Хинтон: “Элчин Сайд Г.Батсүхийн халааг авч, “Оюу толгой”-н ТУЗ-ийн даргаар томилогдож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ чухал албыг хаших итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу, их үүрэг хариуцлага ирж буйг ухамсарлан, бахдах сэтгэл төрж байна. Өнөөг хүртэл цогцлоож ирсэн гайхалтай амжилтыг улам бэхжүүлж, “Оюу толгой”-н ТУЗ-ийг амжилттай удирдана гэдэгтээ итгэлтэй байна. Олон улсад нэр хүнд нь нэгэнт эергээр танигдсан “Оюу толгой” компани зэс олборлох томоохон бөгөөд цогц уурхайнуудын нэг болж, дэлхийн тавцанд байр сууриа эзлээд байна. Энэхүү үйлсийн нэгээхэн хэсэг болж ажиллах гэж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Миний хувьд, Оюу толгойд компанийн засаглалын өндөр хэм хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно. Мөн ажил амьдралын минь үнэтэй хэсэг болсон Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулах үйл хэрэгт анхаарч ажиллах болно.