Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Критикал минералын нийлүүлэлтийн тогтворжилт

Фредерик Кэрриер RBC Europe Limited-ийн Хөрөнгө оруулалт стратегийн газар

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ НЬ ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙН САЛШГҮЙ ХЭСЭГ

Дэлхий нийт нүүрстөрөгчөөс татгалзан, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахыг зорьж байгаа энэ үед критикал минералын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүхий эдийн урт хугацааны супер циклийн эхлэл тавигдах төлөв ажиглагдаж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) 2040 он гэхэд эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, одоогийн үйлдвэрлэлийн түвшингээс 40 дахин их лити, 20-25 дахин их бал чулуу, никель, кобальт шаардлагатай болно гэж таамаглаж байна.

НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛ

Критикал минералын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад үндсэн хоёр асуудал тулгарч байна. Үүнд хязгаарлагдмал нийлүүлэлт ба газарзүйн төвлөрөл. Одоо ашиглаж буй критикал минералын ордууд өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах боломжгүй байгаа бөгөөд үйлдвэрлэл нь цөөн хэдэн оронд төвлөрч байна. Ялангуяа Хятад улс критикал минералыг боловсруулах салбарт давамгайлж байгаа аж. Энэхүү хэт төвлөрөл нь давуу байдал бий болгох, нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй аж.

Улс орнуудын байгалийн баялгийн хуваарилалтын зарчимд нийцүүлэн баримталж буй үндэсний бодлого нь энэхүү эрсдэлийг улам бүр гүнзгийрүүлж байна. Критикал минералыг олборлох, боловсруулах салбарт улс орнууд эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс олон төрлийн хязгаарлалт тогтоож буй юм. Жишээ нь, 2016 онд Чили улс уул уурхайн компаниудыг орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг зах зээлийн ханшаас доогуур үнээр борлуулахыг шаардаж байсан удаатай. 

Цэвэр эрчим хүчний технологид ашиглагддаг критикал минералын хэрэгцээ

2023 оны 4 дүгээр сард Чили улс литийн үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авах тухай мэдэгдэж, гэрээ шинээр байгуулах тохиолдолд төрийн мэдлийн тодорхой хувийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэдгээ зарласан. Уул уурхай эрхэлж буй хувийн компаниудтай байгуулсан өмнөх гэрээнүүдийг одоогоор цуцлах төлөвлөгөө Засгийн газарт байхгүй ч Чилид лити олборлож буй Sociedad Química y Minera de Chile болон Albemarle компаниуд гэрээний хугацаа нь 2030 болон 2043 онд тус тус дуусмагц төрийн мэдэлд компаниудынхаа тодорхой хэсгийг шилжүүлэхээс татгалзахгүй гэдгээ илэрхийлээд байна.

Үүний нэгэн адил Индонез улс бокситын экспортод 2022 онд хориг тавьж, өнгөрсөн оны 6 дугаар сараас тус хориг нь үйлчилж эхэлсэн. Тус улс 2020 онд никелийн экспортод мөн хориг тавьсан нь орон нутгийн хайлуулах үйлдвэрүүдэд эерэг нөлөө үзүүлж, дэлхийн цахилгаан машин үйлдвэрлэгчдийн сонирхлыг татаж чадсан юм. Улс орнуудын эрдэс баялгийн салбартаа баримталж буй дээрх бодлого шийдвэр нь критикал минералыг улс төрийн хэрэгсэл болгон ашиглахад хүргэж байна. Тухайлбал, Хятад улс 2010 онд Японы экспортод хориг тавьж, Орос байгалийн хийг Европын эсрэг стратегийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа аж.

КРИТИКАЛ МИНЕРАЛЫН САЛБАР ДАХЬ ХЯТАДЫН НОЁРХОЛ

Дэлхийн критикал минералын нийлүүлэлтийн сүлжээнд Хятад улсын ноёрхол нэгэнт тогтсон бөгөөд кобальтийн 2/3 орчим, литийн 55 гаруй хувь, зэсийн 40 гаруй хувь, никелийн бараг 1/3-ийг боловсруулдаг. Энэ нь Аргентин, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг эрсдэл өндөртэй бүс нутагт Хятад улс стратегийн хөрөнгө оруулалт хийсний үр дүн аж. Тиймээс барууны компаниуд эрсдэл өндөр, тогтворгүй байдлын улмаас эдгээр орнуудад ажиллахаас зайлсхийх болсон.

Хятад улс хурдацтай хөгжиж, төслүүд нь үр дүнтэй хэрэгжиж буй тул Африкын улс орнууд Хятадтай түншлэхийг илүүтэй хүсдэг. Хөгжиж буй орнууд Хятадтай дипломат шугамаар харилцаа холбоо тогтоохоос гадна бодит ашиг хүртдэг гэж АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс тэмдэглэжээ.

RBC Europe Limited компанийн Тайлер Бродын мэдэгдэж буйгаар "Хятад улс критикал минерал боловсруулах салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй нь олон жилийн турш стратегийн ач холбогдолтой төслүүд амжилттай хэрэгжүүлсэний үр дүн" гэжээ. Критикал минералын олборлолт, боловсруулалтын салбарт Хятадын эзлэх байр суурийг багасгахыг олон улс орон хүсдэг. Түүнчлэн кобальтаар Конго, никелийн хувьд Индонезээс хараат байдлыг бууруулах нь нийлүүлэлтийн сүлжээг цаашид тогтворжуулахад чухал ач холбогдолтой.

НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮҮЛЭХ СТРАТЕГИ

Улс орнууд критикал минералын нийлүүлэлтийг төрөлжүүлэх, эрсдэл өндөр, тогтворгүй байдлыг бууруулахын тулд критикал минералын хайгуул, боловсруулалтад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Хөрөнгө оруулалт хийх стратегийн ач холбогдолтой дараах 3 арга байна. Үүнд:

1. Судалгаа хайгуулд хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийг эх орондоо нутагшуулах 

Дэлхий дахинаа геологи, хайгуулын үр дүнд критикал минералын шинэ ордыг тогтоож, нээн илрүүлэх нь нэмэгдэж байна. Тухайлбал, Швед улс 2023 оны 1 дүгээр сард Европ дахь газрын ховор элементийн хамгийн том орд нээснээ зарласан. Энэ нь Европын Холбооны улс орнууд импортоос хараат байдлаа бууруулах боломжтой болох юм. Канадын Критикал минералын талаар баримталж буй 2022 оны стратеги төлөвлөгөөнд ногоон болон дижитал эдийн засгийг дэмжихийн тулд хайгуул, олборлолтоо нэмэгдүүлж, ашигт малтмалын салбараа хөгжүүлэх талаар тусгажээ. Литийн тэргүүн олборлогч Австрали хайгуулын ажлаа эрчимжүүлсэний үр дүнд 5-10 жилийн дараа шинэ ордуудыг нээн илрүүлэх үйл явц дээд хэмжээндээ хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Критикал минерал, чулуужсан түлшний тэргүүлэх үйлдвэрлэгчдийн эзлэх хувь, 2019 он

Өгөгдсөн утгууд нь зэсийн цэвэршүүлэх үе шаттай холбоотой.

Эх сурвалж: Олон улсын эрчим хүчний агентлаг АНУ-ын Геологийн алба Дэлхийн металлын статистикийн товчоо

АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хууль (IRA)-ийн хүрээнд нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхийн тулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, уул уурхайн үйлдвэрлэлийг АНУ болон холбоотон орнууд руу эргүүлэн татахыг зорьж байна. IRA хуулиар автомашин үйлдвэрлэгчид батарейн дийлэнх түүхий эдийг дотооддоо эсвэл Канад, Австрали зэрэг АНУ-ын чөлөөт худалдааны гэрээнд нэгдсэн орнуудад боловсруулахыг шаарддаг.

АНУ-ын Батлан хамгаалах яам газрын ховор элементийг боловсруулах үйлдвэрийг АНУ-д байгуулах 120 сая долларын гэрээг Австралийн Lynas Rare Earths компанитай байгууллаа.

Нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийн тулд Австрали улс уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятадад боловсруулахаас татгалзаж, өөрийн боловсруулах үйлдвэрүүд байгуулахыг эрмэлзэж байна. Канад улс гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Хятадын компаниудыг Канадын лити олборлолтын салбараас аажмаар гаргах бодлого баримталж байна.

2. Олон улсын түншлэл байгуулах замаар хамтран ажиллах

АНУ уул уурхайн төслүүдийг дэмжих зорилгоор Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийг гол холбоотнуудтай хамтран байгуулсан. Уг түншлэлийн үйл ажиллагаанд "Их 7"-гийн орнууд болон Европын холбоо багтдаг. Мөн АНУ болон гол холбоотнууд Дэлхийн ашигт малтмалын бараг 1/3-ийг эзэмшдэг Африк тивд идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж, дипломат яриа хэлэлцээ явуулж байна.

3. Критикал минералын хэрэгцээг бууруулахад чиглэсэн технологийн шинэчлэл

Критикал ашиглалтыг минералыг орлох эсвэл багасгах шинэ технологи хөгжүүлэх ажил ид өрнөж байна. Жишээлбэл, Tesla компани кобальт агуулаагүй цахилгаан батарей зохион бүтээсэн бөгөөд 2022 оны эхээр Tesla-гийн цахилгаан машины бараг тал хувь нь дээрх батарейгаар тоноглогдсон байна.

Мөн батарейгаа дахин боловсруулах нь үр ашигтай шийдэл байж болох юм. Цахилгаан машины батарей ихэвчлэн 10-20 жил ажилладаг. Цахилгаан машины эрэлт дээд цэгтээ хүрэх үед олон тооны хуучин батарейг дахин боловсруулах боломжтой болж, тэр хэрээр критикал минералын хэрэгцээ буурах аж. 2040 он гэхэд хуучин батарейнаас зэс, лити, никель, кобальт гарган авч, хэрэгцээг 10 орчим хувиар бууруулна гэж ОУЭА тооцоолжээ.

УРТ ХУГАЦААНЫ ЧИГ ХАНДЛАГА

Критикал минералын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь үндэсний аюулгүй байдал, өдөр тутмын амьдрал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чухал нөлөө үзүүлнэ. Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг дотоод болон бусад түнш орнуудын зах зээлд эргүүлэн татах нь хөгжих илүү боломжийг бий болгох аж. Улмаар олборлолт, уул уурхайн тоног төхөөрөмж, тээвэр (жишээлбэл, төмөр зам) зэрэг салбарт ажилладаг компаниуд эдгээр чиг хандлагаас ашиг хүртэх боломж нээгдэх юм.

Одоогоор зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарч эдгээр салбарын компаниудын хувьцааны үнэ ханш тогтворгүй байна. Баялгийн хэт үндсэрхэг үзэл нь эрсдэл дагуулдаг. Тиймээс бизнесээ төрөлжүүлэх нь эдгээр эрсдлээс хамгаалах нэг арга. Мөн батарейг дахин боловсруулах зэрэг шинэ салбарууд ч эдгээр урт хугацааны чиг хандлагаас ашиг хүртэх боломжтой.

Эх сурвалж: "RBC Wealth Management" санхүүгийн байгууллага





 

Сэтгэгдэл (1)

  • Bayarsaikhan (203.91.115.56)
    Сайн нийтлэл байна. Эрчим хүчний шударга шилжилтийн талаар дурьдаж л баймаар байгаа юм Илүү их мэргэшиж бичдэг болно гэдэгт итгэлтэй байна Амжилт
    2024 оны 09 сарын 24 | Хариулах