Т.Бямбанаран
Нарны хавтан, цахилгаан машин, салхин турбины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад улс Саудын Арабын Маржан ордод ашиглах дэлхийн хамгийн том газрын тосны байгууламжийг ашиглалтад орууллаа.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар энэхүү бүтээн байгуулалт нь тус улсын далайн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд томоохон алхам болох аж. Түүнчлэн бүтээн байгуулалтын дээрх үйл явц газрын тосны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.
Уг байгууламж 24 давхар өндөр, 17,000 гаруй тонн жинтэй, сагсан бөмбөгийн 15 талбайтай тэнцэхүйц тавцантай, жилд 24 сая тонн буюу 176 сая баррель түүхий газрын тос болон 7.4 тэрбум шоо метр байгалийн хий боловсруулах хүчин чадалтай аж.
Энэхүү байгууламжийг Саудын Арабын Маржан ордыг түшиглэн суурилуулах юм. Тус өргөтгөлийн ажил нь 12 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд талбайн хүчин чадлыг өдөрт 300,000 баррелиар нэмэгдүүлж, нийт 800,000 баррельд хүргэх зорилттой. Түүнчлэн этан болон байгалийн хийн шингэний үйлдвэрлэлийг өдөрт 360,000 баррелиар нэмэгдүүлэх аж. Уг ордын байгалийн хийн олборлолтын хүчин чадал өдөрт 2.5 тэрбум шоо футээр нэмэгдэх төлөвтэй байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг 2030 оноос өмнө газрын тосны эрэлт дээд цэгтээ хүрнэ хэмээн таамаглаж байгаа аж. Газрын тосны үнэ буурч байгаа энэ үед Саудын Араб үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хөтөлбөрөө цуцалсан ч зах зээлд газрын тосны эрэлт хэвээр байх болно.
Хятадын мега платформыг барьж дуусгах энэхүү ажил Chevron компанийн шинэ нээлттэй давхцаж буй. Тус компани 8 дугаар сарын эхээр Мексикийн булангийн гүний усанд өндөр даралттай олборлох шинэ технологийг амжилттай туршсанаа зарлалаа. Ингэснээр Маржан ордыг илүү их ашиглах боломжтой болно гэсэн үг юм.
"Anchor төсөл нь эрчим хүчний салбарт гарсан томоохон нээлт юм" гэж Chevron компанийн удирдах албан тушаалтан хэлэв. Тэрээр, "Салбартаа анхдагч энэхүү гүний усны технологийн ачаар өмнө нь хүрэх боломжгүй байсан нөөцийг ашиглаж, ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно" гэлээ. Эрчим хүчний шинжээч Дэвид Блэкмон The Telegraph сэтгүүлд бичсэн нийтлэлдээ "Хятадын газрын тосны платформ болон Chevron компанийн технологи нь далайн өрөмдлөг дахин эрчимтэй явагдаж байгаагийн нотолгоо болж байна. Мөн эрчим хүчний шилжилт газрын тосны салбарт сөрөг нөлөө үзүүлж байна гэх таамаглалыг үгүйсгэж байна" гэжээ.
Үүний зэрэгцээ Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны сарын шинэ тайланд 2024 болон 2025 онд нефтийн эрэлт өдөрт нэг сая баррелиас бага байх төлөвтэй байна. Мөн нүүрсустөрөгчийн эрэлт урт хугацаанд, тогтвортой байна гэсэн таамаглалд суурилж, Маржаны энэхүү байгууламж, Chevron компанийн өндөр даралтын технологи зэрэгт хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.
Газрын тосны эрэлтийн хамгийн том “дайсан" бол тээврийн хэрэгслийн автоматжуулалт. Цахилгаан тээврийн хэрэгсэл Хятадад илүү хурдацтай хөгжиж байна. Гэхдээ цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж байгаа ч Хятад импортоос хамааралтай байдлаа багасгахын тулд дотоодын газрын тосны үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр ажиллаж байна. Дашрамд дурдахад, оны эхний 7 сарын байдлаар хайбрид автомашины борлуулалт 70%-иар өссөн ажээ.
Маржан платформ, Chevron компанийн өндөр даралтын олборлолтын технологи зэрэг нь газрын тосны эрэлт хэвээр байгаагийн том нотолгоо юм. Хэдийгээр улс орнууд эрчим хүчний шилжилтэд ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа ч эцсийн дүндээ эрчим хүчний ямар эх үүсвэр ашиглахыг зах зээл шийддэг. Одоогийн байдлаар салхи, нар, цахилгаан машин зэрэг цэвэр эрчим хүчний хувилбарууд нэмэгдэж байгааг үл харгалзан газрын тос, байгалийн хий эрэлттэй байсаар байна.
Эх сурвалж: Oilprice.com