Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч боллоо

Ч.Сансар

АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч болж дэлхийн шатахууны нийт экспортын 16 гаруй хувийг эзэллээ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албанаас (EIA) мягмар гарагт мэдэгдлээ.

Өнгөрсөн жил АНУ өдөрт дунджаар 900,000 баррель шатахуун экспортолсон. Энэ нь дотоодын хэрэглээний 10 орчим хувьтай тэнцэж байгаа бөгөөд өдөрт 1.5 сая гаруй жийп автомашины түлшний савыг дүүргэхэд хангалттай гэж Эрчим хүчний мэдээллийн алба тэмдэглэв.

Хэдийгээр Хятад, Энэтхэг зэрэг улсууд нефть боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлж, экспорт нь өсөж байгаа ч АНУ бол маргаангүй шатахууны тэргүүн экспортлогч юм.

Сингапур, Нидерланд зэрэг томоохон шатахуун экспортлогчид хүртэл экспортоо өдөрт 700,000 баррелиас давуулж байгаагүй гэж АНУ-ын засаг захиргааны байгууллага мэдэгдлээ.

АНУ 2016 оноос хойш шатахууны цэвэр экспортлогч болсон. 1961-2015 оны хооронд Америк 50 жил гаруй цэвэр импортлогч байсан.

Сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, 2022, 2023 онуудад дээд амжилт тогтоожээ. Боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, боловсруулсан хэмжээ өссөн нь АНУ-ын нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа бензиний экспортыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон.

АНУ-ын боловсруулах хүчин чадал сайжирсан ч дотоодын шатахууны хэрэглээ нэмэгдээгүй нь шатахууны экспортод эерэг нөлөө үзүүлсэн. 2023 онд АНУ-ын бензиний хэрэглээ жигд байсан бөгөөд 2018 оны оргил үетэй харьцуулахад хэрэглээ нь өдөрт 400,000 баррелиар багассан.

Өнгөрсөн онд АНУ-ын экспорт 2022 оноос 2.5%-иар өсөж, өдөрт 6.1 сая баррель хүрч, дээд амжилт тогтоосон. 2020 онд АНУ 1949 оноос хойш анх удаа шатахууны цэвэр экспортлогч орон болсон аж.

Эх сурвалж: oilprice.com