Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ГҮНИЙ УСНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ СУДЛАХ НЬ ГОВИЙН ЭКОСИСТЕМИЙГ ХАДГАЛАХАД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Б.Ариунаа

2020 оны байдлаар Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтжээ. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзэлж байна. Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгаа гарчээ.

Судалгаанаас харвал цөлжилтөд говийн бүс нутаг ихээр өртөж байгааг харж болно. Харин говийг ус, чийгийн дутмаг хуваарилалттай, хуурай, гандуу бүс нутаг гэж тодорхойлдог ч Монголын говь хөрсний усны түвшин гадаргад ойр, зарим газартаа булаг шанд болон ил гарсан дэрс болон нугын ургамалжилттай, зарим хэсэгтээ заг, сухай, тоорой, жигд зэрэг турангийн буюу цөлийн татмын ойн хэв шинжтэй нутгуудаас бүрддэг онцлогтой.

Тэгэхээр говь бол цөл биш, хүн амьтан нутаглах боломжгүй газар бус целийн экосистемд нэн хэрэгцээт чийгт газар гэдгийг эрдэмтэн Н. Манибазар тодорхойлж дэрс бүхий чийгт газруудыг цайдам гэж нэрлэх нь зөв гэж тодорхойлсон байдаг.

Ийм бүсэд ургамалзүйн үүднээс бие даасан систем бүрэлдсэн байдгийг ч эрдэмтэд судалжээ. Ерөөс Монголын говийн тэнцвэрт байдлыг хадгалахад эдгээр ландшафтын экосистемийн үүргийг бууруулалгүй авч үлдэх нь гандуу нутгийн менежментийн чухал асуудал гэдэгт санал нэгддэг.

Швейцарын хөгжлийн агентлагаас 2020 онд хийсэн судалгаанд говийн бүсийн ус, гүний усны хөдөлгөөний талаар судалж, тайландаа дэлгэрэнгүй тайлбарлажээ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 онд 362 гол горхи, булаг шанд ширгэсэн баримт байна.

Харин энэ өөрчлөлт говийн бүс тэр дундаа өмнөд хэсэгт илүү ажиглагдаж байгааг тус агентлагийн судалгаанд дурдсан байна.

Түүнчлэн ус зүйн мэдлэг мэдээлэл ойлголт хязгаарлагдмал байгаагаас шалтгаалан уул уурхайтай холбоотойгоор газрын доорх усанд үзүүлж байгаа нөлөөллийн тоо хэмжээ, орон зайн тархалт, хугацааг тооцоолж гаргах ихээхэн хүндрэлтэй байгааг ч хэлсэн байна. Энэ утгаараа Дэлхийн банк ба Австралийн Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Уул уурхайн дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл 3.23 сая ам.долларыг газрын доорх усны менежментийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд зориулж хуваарилжээ.

Говийн бүсийн экосистемийн амин судас болсон усны нөөц, гүний усны хөдөлгөөнийг судлах нь уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн байх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг илүү зорилтот хэсэгт хүргэж хөгжүүлэхэд түлхэц болох талаар эрдэмтэд саналаа хэлж эхэллээ.

 Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн говийн усны асуудалд анхаарал хандуулахыг хэлээд зогсохгүй ургамлан нөмрөг, хөрсний бүтэц, цаашлаад хүнсний хангамж экосистемийн доройтолд мэдэгдэхүйц нөлөөллийг үзүүлж байна.

Ялангуяа говьд байнгын урсгалтай голгүй тогтоол, нуурын усны тэжээлийн эх үүсвэр нь зуны хур бороо, түүгээр сэлбэгдэх гүний хагарал, ан цавын ус байдаг. Гэтэл жилд орох нийлбэр тунадасны хэмжээ 9,4%-иар буурч, халуун өдрийн тоо 16-25 хоногоор нэмэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Цаг уурын ийм өөрчлөлт сүүлийн жилүүдэд өссөн нь гадаргын усны нөөц багасах, улмаар ургамлан нөмрөг сийрэгжих, хог ургамал ургах, хөрс элэгдэл эвдрэлд орж цөлжих, экосистемийн доройтолд нөлөөлж байна. 

Хур тунадас багасах, халуун өдрийн тоо нэмэгдэхээс гадна хүний буруутай үйл ажиллагаа экосистемийн доройтолд нэрмээс болж байна. Говийн хөрсний "эмч" гэгддэг элсний ургамлан бүрхэвч их хэмжээгээр алдагдаж, нүцгэрэн сул элсний нүүлт хөдөлгөөнд орсон нь аюулын харанга ойртсоныг илтгэнэ. Сул элс нүүх явцдаа нуур, булаг шанд, бэлчээрийг элсэн цөл болгон хувиргадаг. 

Говийн эмзэг экосистемийг хамгаалах, элсний нүүдлийг зогсоох хамгийн бодит арга бэлчээрийн зохистой менежмент юм. Элсний ургамлан бүрхэвчийг хамгаалах нь нэн тэргүүний зорилтот ажиллагаа болоод байна. Бэлчээр нь дэлхийн гадаргуугийн 54%-ийг эзэлдэг бөгөөд үүний тэн хагас нь доройтсоноор хүн төрөлхтний хүнсний хангамжийн 1/6, дэлхийн нүүрстөрөгчийг шингээгчийн 1/3 эрсдэлд орж байна гэсэн судалгаа бий. Энэ судалгаа Монголд ч мөн хамаатай.

Тэгэхээр газрын доорх уснаас хамааралтай багахан талбайд тархсан заган ой, хуурай сайранд ургасан хайлаас, баянбүрд бүхий Тоорой ба сухайн ойгоос гадна говийн бүсийн цөлжилт, экосистемийн доройтлыг багасгах нэг хүчин зүйл нь бэлчээр, түүний ашиглалт юм.

Монгол Улсын санаачилгаар НҮБ- ын Ерөнхий Ассамблейгаас бэлчээрийн менежментийг сайжруулах, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2026 оныг "Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" (IYRP 2026) болгон зарласан.

Энэхүү тунхаглалаар НҮБ-ын гишүүн орнууд бэлчээрийн тогтвортой менежментэд хөрөнгө оруулалт хийх, доройтсон газрыг нөхөн сэргээх, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, мал үржлийн үйлчилгээг сайжруулах, бэлчээрийн болон нүүдэлчдийн талаарх мэдлэгийг сайжруулахад анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.

2026 оны Олон улсын жил (IYRP 2026) Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын XVII Бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог юм. 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол агуулга маань говийн бүсэд бэлчээр түүнийг хамгаалах байж болох юм. Бэлчээр хамгаалах хамгийн энгийн арга гүний ус дагасан цөөхөн хэдэн ой бус нийт нутгийн хэмжээг хамарсан бэлчээрийн ургамалжилт, үүнийг дагасан экосистемийн хамгаалалт байж болохыг судлаачид тайлбарлаж байна. Ургамлан нөмрөггүй болж нүцгэрч үлдсэн талд хүн байтугай амьтан тогтох аргагүйд хүрч цаашлаад цөлжих аюул тун ойрхон болжээ.

Ерөөсөө ургамалжилтын төлөв байдлын үнэлгээг гаргахдаа уул уурхай, гүний ус дагасан ургамлын нягтаршил, түүнээс улбаалсан өөрчлөлт, бэлчээр түүнийг дагасан ургамлан нөмрөгийн өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж байгаа талхлагдал зэргийг цогц байдлаар гаргах тухай зөвлөмжийг мэргэжлийн байгууллагууд гаргаад байна.