Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казахстан улс Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлнэ

Ч.Сансар

Казахстан Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийж байна. Энэхүү экспорт нь Туркменистан, Оростой өрсөлдөх хэмжээнд хүргэнэ гэж Bloomberg мэдээллээ.

Казахстаны байгалийн хийн үндэсний оператор QazaqGaz-ын гүйцэтгэх захирал Санжар Жаркешов “Хятад улсын эдийн засаг удааширч байна гэсэн мэдээлэл гарч байгаа ч байгалийн хийн эрэлт өссөөр байна. Бид Хятад болон магадгүй Узбекистан зэрэг бусад улс руу экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцох байх" гэж Bloomberg агентлагт ярьжээ. 

Казахстаны  хийн бараг бүх экспорт нь Хятад руу чиглэдэг бөгөөд жилд харьцангуй бага буюу 4 тэрбум куб  метр хий нийлүүлдэг. Өнгөрсөн 12 дугаар сард Казахстаны байгалийн хийн экспорт 5 тэрбум куб метр орчим байсан. Тодруулбал, Казахстан өөрөө жилд 21 тэрбум куб метр хий хэрэглэдэг. Гэсэн хэдий ч тус улс орлогоо нэмэгдүүлэхийн тулд дотоод, гадаадын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Экспортыг нэмэгдүүлэхийн тулд Казахстаны улс Каспийн тэнгис дэх газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Тус улсын Засгийн газар Катарын хөрөнгө оруулагчдын тусламжтай ирэх таван жилийн хугацаанд олборлолтоо жилд 3.5 тэрбум куб метрээр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Хятад руу экспортоо өсгөхийн тулд байгалийн хийн шинэ хоолой барих шаардлагатай. Шинэ хоолой нь 3-6 тэрбум долларын үнэтэй гэж Жаркешов хэлэв. Хоолой барих шийдвэр энэ оны сүүлээр гарах бөгөөд барилгын ажил 2-3 жил үргэлжилнэ.

Өнгөрсөн онд Хятад улс шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том импортлогч орон болсон бөгөөд өдөрт 16 тэрбум куб фут (453 сая куб метр)-тай тэнцэх хэмжээний шингэрүүлсэн хий импортолдог гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны 8 дугаар сард мэдээлэв. Хоолойгоор дамжуулсан байгалийн хийн импорт Хятадын хийн хэрэгжээгээ хангах чухал эх үүсвэр болж байна.

Эх сурвалж: Oilprice.com