Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орлоо. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг зарлаж, эдийн засгаа 2 дахин тэлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажилласан. Харин ирэх дөрвөн жилд эрчим хүчний реформд анхаарч 14 мега төслийн дийлэнхийг уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ том ажлын эхлэл Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Бодь” групп, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий 4 блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны 10 дугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангана. 1,040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно.
Мөн Төв аймгийн Баян суманд хэрэгжүүлж буй 660 МВт-ын ДЦС-ын төслийн ажилтай Ерөнхий сайд танилцлаа. Эрчим хүчний яам, “Касэн пауэр грийн энержи” компани хамтран уг төслийг хэрэгжүүлж байна. Станцын барилга угсралтын ажлыг 2025 онд эхэлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус станц ашиглалтад орсноор жилдээ 3,7 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүч төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, нэмэлтээр 100 кГц дулаан үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр нийслэлийн Баганхангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэнэ.
Засгийн газраас цаашид эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдэд хувийн хэвшлээ түлхүү ажиллуулах зарчим барьж байна. Тиймээс эрчим хүчний төслүүдэд олон улсын болон үндэсний аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулж хамтран ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалаад Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр жилд Монгол Улсын анхны том чадлын 80 МВт-ын батарей хуримтлуурын станц, Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын 50МВт-ын өргөтгөл, Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, “Сонгино” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулаад байна.
Цаашид эрчим хүчний реформын хүрээнд Тавантолгойн 450 МВт-ын ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн багц төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байна.