Р.Ренчиндулам
Монгол Улсын Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ыг 10 мянган ам.долларт хүргэх том зорилго тавиад байгаа билээ. Эдгээр амбицлаг ч гэмээр төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл нь эрчим хүч юм. Бүтээн байгуулалтын энгийн нэг алхам болох гагнуур хийхээс эхлээд автоматжуулалт хүртэл бүх зүйлийг цахилгаанаар л хийдэг тул эрчим хүчгүйгээр эдгээр төсөл нэг ч алхам бодитоор урагшлахгүй. Гэвч Монгол Улсын эрчим хүчний салбар өрийн системд орчихсон, дээр нь одоо байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй хэсэгчлэн цахилгаан таслах байдлаар өдөр хоногоо аргацааж байгаа. Энэ салбарын богино хугацааны өр төлбөр 357.2 тэрбум төгрөг, урт хугацааны өр төлбөр 1.8 их наяд төгрөг болчхоод байна. Төсвөө өрөнд оруулчихсан энэ салбарыг өөрчлөх цаг болсон нь бодит үнэн.
Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс газар доорх эрчим хүчний нөөцөөр дэлхийд 5-т, газар дээрх нөөцөөр /нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүч/ дэлхийд 2-т ордог гэх судалгаа байдаг.
Энэ нь Өвөрмонголтой харьцуулахад 40 хувиар их үр ашигтай нөхцөл. Гэтэл Өвөрмонгол аль хэдийн 88 гигаватт салхи, нарны хүчин чадалтай болсон бол саяхан дахин 170 гигаватт эрчим хүч дамжуулах хоолойг ашиглалтад оруулсан. Уг нь энэ хэрээр бидэнд эрчим хүч импортлогч бус экспортлогч орон байх боломж бий.
Тиймээс Засгийн газар дутагдлаас экспорт руу реформ хийх зорилго тавьжээ. Ингэснээр эрчим хүчний бие даасан байдалд шилжиж, 14 мега төслөө хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Зорилготойгоо уялдуулаад Эрчим хүчний реформын үндэсний хороог ч байгуулаад амжсан. Тус хорооноос гаргасан төлөвлөгөөгөөр Монгол Улс 2030 он гэхэд дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болох юм байна.
2050 онд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгоно.
2025-2030 онд эрчим хүчний хэрэглээг дотооддоо бүрэн хангана.
2030-2040 онд эрчим хүч экспортлогч орон байна.
2040-2050 онд цэвэр эрчим хүчний шилжилт рүү орно.
Дээр дурдсан шиг өөдрөг төсөөллийн судалгааг 12 дугаар сард олон нийтэд ил болгон зарлаж, цаашлаад хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг бий болгохоор ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ бүхнийг гуравдугаар сар гэхэд бэлэн болгоод УИХ-д хуулийг нь өргөн барьж, хаврын чуулганаар батлуулах зорилго тавьжээ.
Энэ бүхнээс харахад 14 мега төслийг дагаад 14 реформ хийх шаардлагатай Засгийн газар нүүр тулж байгаа юм. Үүний эхлэл нь эрчим хүчний реформ болоод байна.
ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХ 14 МЕГА ТӨСӨЛ
Эрдэнэбүрэнгийн УЦС
Эгийн голын УЦС
Тавантолгойн цахилгаан станц
Тархмал эх үүсвэртэй төсөл
Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор
Газрын тос боловсруулах цогцолбор
Алт цэвэршүүлэх үйлдвэр
Зэс боловсруулах цогцолбор
Гангийн үйлдвэр
Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
Хэрлэн-Тооно, Орхон-Онги төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барих
Эрээнцав-Чойбалсан-Баруунурт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
“Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал
Үндэсний хиймэл дагуулын төсөл.
ЗАСГИЙН ГАЗРААС ХИЙХ 14 РЕФОРМ
Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагаа
Татвар, төсвийн зарлагын шинэчлэл
Хүний эрх, авлигын эсрэг болон хувийн эрх зүйн шинэтгэл
Бүсчилсэн хөгжил
Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын болон хотын засаглал
Эрчим хүчний реформ
Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглал
Үндэсний оронсууцжуулалтын тогтолцоо, хуримтлалын сан
Хүний хөгжлийн бодлого (боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт)
Ногоон эдийн засаг, ногоон шилжилт
Их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан цахим шилжилт
Төрийн эрх зүйн шинэчлэл
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх эрсдэлийн удирдлага
Уул уурхайн тусгай зөвшөөрлийн олборлолт, ашиглалт, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх.