Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Х.Санчигдорж: Нийт нутаг дэвсгэрийн 12.9%-д агаарын геофизикийн судалгаа хийж байна

П.Жаргалсүрэн

Геологийн сэдэвчилсэн судалгаа болон нарийвчилсан эрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж орд болохуйц хэтийн төлөвтэй газруудыг нээн илрүүлснээр Монгол орны эрдэс баялгийн нөөцийг шинээр тогтоон, тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой хэмээн төр, засгийн зүгээс үзэж байна.

Геологийн салбарт баримталж буй төрийн бодлого, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр тэр дундаа агаарын цахилгаан-соронзон судалгааны явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдоржоос тодрууллаа.

Геологи, хайгуулын салбарт баримталж буй төрийн бодлого шийдвэрт ямар өөрчлөлт, шинэчлэлт гарч байна вэ? 

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг "Алсын хараа-2050"-д ерөнхий байдлаар тусгагдсан. Энэхүү урт хугацааны бодлогын баримт бичиг болон Эрдэс баялгийн салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтөд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх олон зорилт тусгагдсан.

Эрдэс баялгийн Улсын нэгдсэн санд бүртгэгдсэн ашигт малтмалын нөөц баялгийн хэмжээг байнга нэмэгдүүлэх нь улс орны эдийн засгийг сууриар нь тэлэх өргөн ач холбогдолтой. Салбарын хувьд геологийн суурь судалгаа, хайгуулын ажлыг урт хугацаанд төлөвлөснөөр уул уурхайн олборлолтын салбараас 10-20 жилээр түүчээлж, улмаар Монгол орны эрдэс баялгийн нөөц хангагдах учиртай.

Геологи, хайгуулын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг яамны зүгээс баримтлан ажиллаж байна. 

Энэ утгаараа сүүлийн жилүүдэд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг нэмэгдүүлэн, холбогдох эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орж, тусгай зөвшөөрөл олголтын ажил ил тод, нээлттэй болсон. Энэхүү заалтын дагуу салбарын яам, агентлаг улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр сонгон шалгаруулж, аж ахуйн нэгжүүдэд олгож байна.

Өнгөрсөн хугацаанд геологийн суурь судалгааны ажлын үр дүнд тогтоогдсон ашигт малтмалын хэтийн төлөвтэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой эсэхийг тодорхойлон Засгийн газарт танилцуулсан. Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээс өмнө Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу орон нутгийн захиргаа, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд олгосон газар нь хуулиар хориглосон, хязгаарласан газруудтай давхцахгүй байх эсэх талаар санал авдаг. Засгийн газраас баталсан талбайд сонгон шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим сайт болох tender.gov.mn-ээр дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ нь олон нийтэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа болсон юм.

Суурь судалгааны ажлын хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?

Геологи гэдэг нь газар судлал гэсэн утгатай. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд ямар төрлийн чулуулаг тархсан, ямар насжилт, найрлага, гарал үүсэлтэй вэ гэх мэт олон асуудлыг судалдаг байгалийн шинжлэх ухаан.

Түрүүн хэлсэнчлэн сонгон шалгаруулалтын үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр улсад тодорхой хэмжээний төсөв бүрдүүлдэг болсон. Энэ бол бодлогын түвшинд гарсан эерэг өөрчлөлт. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр "Геологийн суурь судалгааны ажил болон хайгуулын ажлыг эрчимжүүлэн нөөцийг бэлтгэх асуудалд онцгой анхаарч ажиллана" хэмээн мэдэгдсэн. 

Геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тогтоож, тооцоолох талаар салбарын яам нэгдсэн бодлоготой ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг бол олон улсад хэрэглэж байгаа орчин үеийн техник, тоног төхөөрөмж, шинжлэх ухаанд нэвтэрсэн шинэ арга аргачлалыг ашиглан хэрэгжүүлж буй агаарын геофизикийн судалгаа юм.

Цаашдаа геологийн суурь судалгаа, хайгуулын ажлыг зөвхөн эрдэс баялгийн нөөц бэлтгэх чиглэлээс гадна бусад олон салбарт ашиглах суурь мэдээллийг бий болгож, боловсруулан ашиглах чиглэлд анхааран ажиллаж байна. Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, ШУА-ийн Геологи болон Палеонтологийн хүрээлэн, их, дээд сургуулиудтай хамтран энэхүү ажлыг бусад төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, олон нийтэд таниулахад идэвхтэй ажиллаж байна. Геологийн судалгааны ажлын үр дүнд бий болсон мэдээллийг аялал жуулчлал, газар тариалан, хедөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт гэх мэт олон салбарт ашиглах бүрэн боломжтой бөгөөд ач холбогдол ч өндөр.

Жишээлбэл, ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлж эхэлсэн "Соёлын болон геологийн өвөөр дамжуулан тогтвортой аялан жуулчлалыг хөгжүүлэх" төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумдын нутагт орших үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав, геологийн дахин давтагдашгүй онцгой тогтоцтой Ханбогдын массив буюу геологийн өвийг Дэмчогийн хийдийн соёлын өвтэй хамтатган Үндэсний геопарк байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр тус бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон нийт болон олон улсад Монголоо сурталчлах томоохон төслийг хөгжүүлж байна.

Агаарын геофизикийн судалгааны ажлын явцын талаар тодруулна уу?

Олон улсын геологийн салбарт нэвтэрсэн арга аргачлал, шинэлэг техник, тоног төхөөрөмжийг ашиглан агаарын геофизикийн ажлыг 2023 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 950 км.кв талбайд хэрэгжүүлэх анхны төсөл эхэлсэн.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа шинжилгээний төв ΤΘΥΓ, Австралийн ХCalibur компанийн хамтарсан агаарын цахилгаан-соронзон судалгааны "Ханбогд-2023" төсөл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэмжилтийн ажлаа эхэлсэн. Агаарын геофизикийн судалгааны үр дүнг ашиглан талбайн хэтийн төлөвийг тодорхойлохоос гадна геологи, геохимийн судалгааг тухайн талбайд давхар хийсэн. Эдгээр ажлын нэгдсэн үр дүн, тайлан энэ оны 12 дугаар сард гарна. XCalibur компани нь цахилгаан-соронзон орны хэмжилтийг хийх apra нэвтрүүлсэн бөгөөд хэмжилтээр авсан тоон өгөгдлийг боловсруулах программыг хөгжүүлж, эзэмшдэг. Тус компани нь энэ арга туршлагыг Монголд нэвтрүүлэх, боловсон хүчнийг энэ чиглэлээр сургах давхар зорилготой юм. 

Энэхүү арга аргачлалын дагуу 2024 оноос 202 мянган км.кв талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 12.9%-ийг хамарсан талбайд судалгааны ажлыг хэрэгжүүлж байна. Ингэснээр тухайн талбайн ашигт малтмалын хэтийн төлөвийг богино хугацаанд үнэлэн хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэх юм. Мэдээж хуулийн дагуу хориглосон, хязгаарласан талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй.

Геологийн судалгааны ажил үндсэндээ төлөвлөлтөөсөө эхлээд үр дүнгийн тайланг хүлээлгэж өгөх хүртэл 2-6 жилийн хугацаа шаарддаг. Агаарын геофизикийн судалгааны хувьд 2 жилийн хугацаанд хэмжилтээ хийх, тоон мэдээллээ боловсруулах, үр дүнгийн тайланг хамгаалж улсад хүлээлгэн өгөх байдлаар төлөвлөж байна. 2024 онд эхэлсэн судалгааны ажлын үр дүн 2025 оны III улиралд гарах төсөөлөлтэй байна.

Ач холбогдлыг үнэлж хэлбэл?

Эдгээр судалгааны ажлын үр дүнгээс гарсан тоон өгөгдлүүдэд түншлэгч компанитай хамтран тайлалт хийж, геологи, уул уурхайн салбарт ашиглах мэдээллийг гаргахаас гадна бусад салбарт ашиглах боломжтой эсэхийг тодруулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, Монгол орны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн бусад салбарт ашиглагдах мэдээллийг боловсруулан дэмжиж ажиллах юм. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд төслийг хэрэгжүүлснээр, жишээ нь цөлжилтийн тархалт, газрын гүний усны сав газрын тархалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, газрын эрсдэлийг бууруулахад ашиглах боломжтой гүний хагарал, ан цавын байршлыг тогтоох, салбар хоорондын мэдээллийг хангах боломжтой болох юм.