"JSW Steel" нь тус улсын хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд Монголоос 2500 тонн коксжих нүүрс худалдан авахаар төлөвлөжээ. Харин SAIL компани Монголоос 75 мянган тонн нүүрс импортлох зорилготой байгаа юм.
Дээрх хоёр компани Монголын коксжих нүүрсийг Орос эсвэл Хятадаар дамжуулан импортлохоор төлөвлөж байгаа юм байна. Ройтерс агентлаг нүүрсээ Монголоос хэрхэн авах талаар асуухад "Бид одоохондоо логистикийн хувьд хэрхэн ажиллах талаар судалж байна" гэж SAIL-ийн дарга Амаренду Пракаш хариулав.
Энэтхэгт эдийн засаг хурдацтай өсөж, дэд бүтцийн зардал нэмэгдэж байгаагийн улмаас гангийн эрэлт өсөж байгаа. Одоогоор Энэтхэг нь ган үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог бөгөөд коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85%-ийг импортоор хангадаг. Австралийн импорт нь Энэтхэгийн коксжих нүүрсний импортын талаас илүү хувийг (жилд 70 сая тонн орчим) бүрдүүлдэг. Өнгөрсөн оны цаг агаарын тогтворгүй нөхцөл байдал Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлжээ. Энэ нь коксжих нүүрс импортлох нэмэлт өөр арга зам эрэлхийлэхэд хүргэсэн байна.
Тиймээс Энэтхэг нь Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан тогтмол импортлох арга замыг судалж байгаа талаар өнгөрсөн сард эх сурвалжууд мэдээлсэн. Мөн далайд гарцгүй, байгалийн баялаг ихтэй Монгол Улсын коксжих нүүрсийг Энэтхэг рүү харьцангуй хямд үнээр нийлүүлж чадна гэж салбарын мэргэжилтнүүд онцлоод байгаа. Мөн Монголын нүүрс Австралийн нүүрснээс тонн нь 50 орчим ам.доллараар хямд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газар гангийн компаниудад импортоо төрөлжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна гэж түүхий эдийн зөвлөх компани "BigMint" мэдэгдлээ. Энэтхэг санхүүгийн жилийн эхний хагаст 29.4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс бараг 2%-иар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: reuters.com