Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Казахстан  ураны татвараа 18 хүртэл хувиар нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт буурах уу?

Р.Ренчиндулам

Дэлхийн ураны зах зээлийн гол тоглогчдын нэг Казахстан улсын эрх баригчид ураны олборлолтын татвараа /АМНАТ/ ирэх оноос үе шаттайгаар нэмэгдүүлж, 2026 он гэхэд 18 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Тус улсын уран олборлогч “Казатомпром компани”-иас мэдээлснээр татварын өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм. Татвартай холбоотой энэ өөрчлөлтийг Засгийн газраас гаргах болсон шалтгааныг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төсвийн орлогын шинэ эх үүсвэр олохыг Засгийн газарт даалгасантай холбоотой гэж  “Energynews”-т онцолжээ. Улсын орлогын дийлэнх хувийг ашигт малтмалын борлуулалтаас бүрдүүлдэг учраас ийм санаачилга гарах нь тодорхой байсан гэж ажиглагчид онцолж байгаа юм. Нөгөө талаас дэлхийн геополитикийн ээдрээтэй байдлын эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ, бас баялгийн тэгш хуваарилалтыг тооцсон  гэж тайлбарлах нь ч  байна.

Харин үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурах уу гэх асуулт үүсч байгаа. Казахстан Улс нь нийт 14 ураны ордтой бөгөөд эдгээр ордоо дэлхийн 6 оронтой хамтран ашиглаж байгаа юм. Мөн жилд 20 мянган тонн шар нунтаг (U3O8) буюу ураны исэл үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ БНХАУ, Канад, Франц, ОХУ зэрэг орон руу экспортолж байгаа. Дээрх асуултад Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Алибек Куантыров “Манай ашигт малтмалын нөөц ашигласаны татварын хувь хэмжээ дэлхийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна. Бид үүнийг аажмаар 10-18 хувиар өсгөснөөр хөрөнгө оруулалт буурна гэж бодохгүй байна” гэж "Курсив" сонинд ярьсан байна. Үүний зэрэгцээ, Засгийн газар бүс нутаг болон төв хоорондын хөрөнгийн эсрэг урсгалыг багасгах, өөрөөр хэлбэл татварын орлогын тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлэхийг хүсч байгааг сайд онцолжээ.

Казахстан Улс нь дэлхийн ураны нийт нөөцийн 14 хувийг буюу 700 мянган тонныг эзэмшдэг. Мөн дэлхийн ураны зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг хамгийн том нийлүүлэгч орон болоод байгаа юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигийн дагуу ураны АМНАТ-ийг 2025 онд 6% -иас 9% хүртэл, 2026 оноос ялгавартай аргаар 18% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.