Р.Ренчиндулам
2025 онд Монгол Улс 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэс, 18 тонн алт, 9 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөсөн нь гадаад валют, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгоод байна.
Учир нь, Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний 60 орчим хувийг нүүрс дангаараа эзэлж байгаа. Гэтэл нүүрсний үнэ сүүлийн жилд тогтмол буурч 100 ам.доллароос унаад 70-80 ам.долларт хүрээд байгаа юм.
Хэдийгээр нүүрсний биет хэмжээ өсч байгаа ч үнэ буурч байгаа нь Монгол Улсад орж ирэх гадаад валют, төсвийн орлогод хүндээр тусч болзошгүй юм. Хэрэв улсын төсвийн орлого буурвал зардлаа санхүүжүүлэхэд хүндрэл үүснэ. Улмаар төсвийг тодотголоо ч алдагдал үүсэх зэргээр эргэлзээтэй, төвөгтэй байдлыг бий болгоно.
Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс бага буюу 3.9% байсан бол оны эхний гурван улирлын нийлбэрээр 5%-тай гарсан. Эдийн засгийн өсөлт удааширсан нь зэс, алтны олборлолт хүлээлтээс бага байсантай холбоотой юм.
Монголбанкны зүгээс уул уурхай, барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгаа зэргийг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2% байна гэж үзэж байгаа юм. Харин ирэх онд улсын төсвийн төлөв суларна гэж үзэж байгаа ажээ.