Р.Ренчиндулам
Засгийн газрын хуралдаанаар /2025.12.25/ Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга, Стратегийн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-өөр орлуулах УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан юм. Тус төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
-Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Монгол Улсын Засгийн газар “Орано майнинг” групптэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулаад төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-өөр орлуулах, хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль дөрөвдүгээр сард батлагдсан. Мөн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 6.2-т Газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмшинэ буюу 50+1 байна гэсэн зарчим тусгагдсаны дагуу үүнийг амилуулахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хэрэв төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр, бүтээгдэхүүн хуваахаар орлуулсан бол үр өгөөж нь иргэдийн хуримтлалын дансанд ордог байх ийм зохицуулалтыг тусгасан. Тиймээс төрийн зэмшлийн 34 хувийг АМНАТ-өөр орлуулсан ч, бүтээгдэхүүн хуваахаар оруулсан ч өгөөж нь иргэдийн хуримтлалын дансанд ордог, хадаглагддаг болж байгаа. Төслүүд урагшилж байж иргэдийн данс дахь мөнгө аривжина. Тиймээс Стратегийн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-өөр орлуулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна.
Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр Монгол-Францын хамтарсан ураны төсөл дээр “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан ч одоо төслийн талаар дахин мэдээлэл өгье.
2024-2050 онд ураны хэрэглээ дэлхий дахинд өснө. Бид төслийг хэрэгжүүлэхдээ газар дор уусган баяжуулах гэсэн байгаль орчинд хохирол багатай, зардал багатай аргыг ашиглах болно. Энэ хүрээнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан дэд ажлын хэсэг Казахстанд ажилласан. Энэ үеэр газар дор уусган баяжуулах аргатай танилцаж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн. Тус төсөл геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. “Оюу толгой”-гоос хойш гурав дахь хөрштэй хийж буй хөрөнгө оруулалтын гэрээ. Үнэ цэнэ нь өсч байгаа стратегийн бүтээгдэхүүнийг ашиглах цаашлаад Атомын цахилгаан станцтай болох суурь болж байгаа. Энэ төслийг хөрөнгө оруулагч компани Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш буюу 27 жил ярьсан. Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан тул УИХ-д өргөн барьж байна.
Төслийн хүрээнд төсвийн орлогод 4.4 тэрбум ам.доллар, үүнээс улсын төсөвт 70 сая, орон нутагт 29 сая, Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар төвлөрүүлнэ. 51 хувийн өгөөж тохируулах нэмэлт төлбөр буюу тухайн жилийн орлого ҮХ-ийн 6.2 буюу 51 хувьд хүрээгүй бол хөрөнгө оруулагч тал орлогыг нэмэгдүүлэх тохируулга хийнэ. Өөрөөр хэлбэл, тухайн жилд 51% зарчим хангагдаагүй тохиолдолд зарцуулах нийт 103 сая ам.долларыг хөрөнгө оруулагч талаас суутгах заалтыг Хөрөнгө оруулалтын тухай гэрээнд тусгаж байгаа. Энэ тохиолдолд ямар ч үед 51 хувийн үр өгөөжөө алдахгүй.
Орон нутгийн хөгжилд 44 сая ам.доллар, НДШ-д 48 сая ам.доллар төвлөрүүлж, төслийн хугацаанд нийт 5,2 тэрбум ам.долларын ашигтай ажиллана.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор өсөн нэмэгдэх АМНАТ зах зээлийн ханшаа дагаад нэмэгдээд явна. Энэ бүхэн гэрээнд тусгагдаж байгаа.
Мөн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийсний үр дүнд дараах саналуудад тохиролцоонд хүрсэн. Төслийн үр өгөөжийг ОУВС-гийн IMF аргачлалаар боловсруулсан. Товчхондоо, Засгийн газрын хуримтлагдсан үр өгөөж, хөрөнгө оруулагчийн хуримтлалын үр өгөөжийн нийлбэрээс хөрөнгө оруулагчийн санхүүжилтийг хасвал 51 хувьд хүрч байх ёстой.
Санхүүгийн талын схемийг Монголын компани хийж, 51 хувьд хүрч байгаа эсэх дээр бид шинжилгээ хийсэн. Энэ загварын дагуу тус гэрээг боловсруулсан. Энэ загвар дээр хөрөнгө оруулагч тал өөрийн саналыг нэмж тусгасан.
Хөрөнгө оруулагч тал 15 төрлийн татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлага тавьсан. Харин манай талаас Гаалийн албан татвар, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл, ус ашигласан, бохирдуулсны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, автотээврийн хэрэгсэл болон бусад төлбөрийг ашиг, өгөөж гэж үзэхгүй байх хатуу зарчим баримталсан. Иймд хэлэлцээрт хүрч, эдгээрийг үр өгөөж гэж тооцохгүй дээр тохирсон.
Нөү-хау буюу маркетингийн төлбөрийг (шинэ технологи оруулж ирж байгаа гэдэг утгаараа) хөрөнгө оруулагч тал зардалд тооцдог байсан. Энэ гэрээнд үүнийг хөрөнгө оруулагч талын үр өгөөж гэж үзэж байгаа.
Ингээд тооцох юм бол Засгийн газрын үр өгөөж АМНАТ, ААНОАТ, давуу эрхийн 10%-ийн ногдол ашиг (10% дээр санхүүгийн хариуцлага хүлээхгүй ч ТУЗ дээр хориг тавих эрхтэй), ногдол ашгийн суутгал татвар (хөрөнгө оруулагч талын ногдол ашгаас суутгах татвар), тогтвортой хөгжлийн арга хэмжээ (сум, орон нутагт оруулж буй санхүүжилт) гаалийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тусгай зөвшөөрлийн татвар, үл хөдлөхийн татвар, гадаад ажилтны ажлын байрын татвар, ус ашигласан, үр өгөөж гээд Засгийн газар болон Хөрөнгө оруулагч тал ямар үр өгөөж хүртэх нь тодорхой болсон.
2028 он хүртэл уурхайн бүтээн байгуулалт хийгдэнэ. Энэ хүртэл хөрөнгө оруулагч тал 500 сая ам.долларыг эхний санхүүжилт болгон гаргана. Үүнээс хойших санхүүжилтийг төслийн үр ашгаас шалтгаалаад тооцоод оруулна.
Түүнчлэн хөрөнгө оруулагч тал 27 төрлийн татварыг тогтворжуулъя гэдэг санал тавьсан. Бид дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах дээр нь тохирсон. Энэ нь, ААНОАТ, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гаалийн албан татвар. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал татварын орчныг бүхэлд нь тогтворжуулах санал гаргасан бол бид тогтворжуулалтын хүрээг багасгасан. Хөрөнгө оруулагч тал АМНАТ-т инфляц тооцох шаардлага тавьсан. Харин бид АМНАТ-ийг суурийг тооцохдоо бүтээгдэхүүний борлуулалтын үнээс хасагдвал инфляц тооцохгүй гэдгийг баталгаажуулсан. Мөн Байгаль орчинтой холбоотой ямар ч татварыг тогтворжуулахгүй гэдэг дээр хатуу байр суурь барьсан.
Үйлдвэрийг түр зогсоохоор бол хөрөнгө оруулагч тал Төрийн эрх бүхий байгууллагаас заавал зөвшөөрөл авах шаардлага тавьж байгаа. Хөрөнгө оруулагч тал төсөл эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрөл болон ирээдүйд олгох ашиглалтын тусгай зөвшөөрлийг гэрээний үйлчлэлд хамаарна гэж үзээд нэмээд дөрвөн тусгай зөвшөөрлийг дурдаад байсан. Тиймээс бид хөрөнгө оруулалтын гэрээнд зөвхөн одоо ашиглаж байгаа гурван тусгай зөвшөөрлийг л хамааруулсан. Ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалсан.
НӨАТ-ын асуудал мэдээж хөндөгдөж байгаа. Засгийн газар 2015 онд эцсийн бүтээгдэхүүнд хамаарах уул уурхайн бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан. Үүнд шар нунтгийг оруулсан тул НӨАТ-ыг буцаан олгох, тэглэх асуудал яригдаж байгаа. Тэгэхээр шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх эсэхийг Засгийн газар дахин авч үзээд шийдвэрлэх боломжийг олгож байгаа.
Байгаль орчинтой холбоотой татварыг тогтворжуулахгүй, гурван жил тутамд байгаль орчны олон улсын аудит хийлгэх үүргийг хөрөнгө оруулагч талд хүлээлгэсэн.
Үйлдвэрийн хаалтад зарцуулах мөнгөн хөрөнгийг Олон улсын санхүүгийн байгууллага, эсвэл Монголбанкны валютын дансанд байршуулахаар тусгасан.
Орон нутгийг дэмжихийн тулд гурван талт гэрээ байгуулахаар хуульчилсан. Хөрөнгө оруулагч тал, Дорноговь аймгийн Засаг дарга болон Улаанбадрах сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана. Бүтээн байгуулалтын үе шат буюу 2028 он хүртэл жил бүр 300 мянган ам.доллар, уурхайн ашиглалт эхэлснээр жил бүр нэг сая ам.доллар, нөхөн сэргээлтийн 10 жилийн хугацаанд 1.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг орон нутагт зарцуулна. Дээр нь уурхайн олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол хүн байна гэж тооцсон. Харин олборлолт эхлэхээс өмнө буюу 2028 он хүртэл 60 хувь нь монгол иргэн байх юм. Мөн гадаадын болон дотоодын ажилчид ижил үнэлэмжтэй байх шаардлагыг тавьж байгаа. Монгол ажилчдын 5-аас дээш хувь нь заавал тухайн орон нутгийн иргэн байна. Төслийн туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй нь монголын аж ахуйн нэгж байна.
Төслийн хугацаанд хийгдсэн бүх дэд бүтцийн бүтээн байгуулалт төсөл дууссаны дараа орон нутгийн өмчид шилжинэ.
Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тус гэрээг 20 жилээр байгуулаад, 10 жилээр сунгахаар тохирсон.
Хэрэв татвартай холбоотой маргаан үүсвэл дотоодын Захиргааны хэргийн шүүхэд хандана. Шууд арбитрт хандах эрхгүй байх зохицуулалт орсон.
Мөн гэрээг цуцлахаар бол Монголын талын үндэслэл, боломжийг нэмэгдүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд олон улсын зөвлөх үйлчилгээний компаниуд гэрээний төсөл дээр ажилласан. Тэдний саналуудыг тусгасан. Дотоодын хуулийн багууд ч нэмж ажиллаад, саналуудыг илүү “амилуулсан”. Төсөл дээр таван хэсэг ажлын хэсэг ажилласан. Бид 50+1 буюу ард түмэн байгалийн баялгаа эзэмшинэ гэдэг зарчмыг баримталж ажилласан. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ цаашид ч жишиг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бид өнгөрсөн хугацаанд гарсан алдааг давтахгүйн тулд хичээсэн. Хамгийн гол нь тухайн компани ашигтай, эсвэл ашиггүй ажиллахаас үл хамааран олборлолт эхэлсэн цагаас борлуулалтын орлогоос тусгай, өсөн нэмэгдэх АМНАТ тооцно, 10%-ийн ногдол ашгаа тэргүүн ээлжид авна. Санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй мөртлөө ТУЗ дээр хориг тавих эрхтэй байх тогтоолын төслийг УИХ-д танилцуулж байна.
Энэ тогтоол УИХ-аар батлагдвал тогтоолд тусгагдсан зүйлс дээр үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай дахин ярилцана, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөж, Засгийн газар дэмжсэнээр УИХ соёрхон батлах зэрэг процесс үргэлжилнэ.
Ингээд тус хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа батлагдсан ХөОГ гэдгээрээ онцлог байх юм. Мөн Үндэсний баялгийн санг “амилуулахад” энэ төсөл өндөр ач холбогдол өгнө.