Засгийн газар өчигдөр /2024.12.25/ УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсны нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах талаар тусгасан билээ. Харин энэ тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг энэ удаагийн ҮБС-ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодруулан тусгажээ.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 472.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 201.4-т заасан нэмэгдүүлэн тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тус тус Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалтыг ч мөн нэмж тусгасан байна.
Тус хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашиг малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэгдүүлсэн тусгай төлбөрийг, мөн бусад хувилбараар орлуулснаас бий болсон орлогыг Ирээдүйн өв санд биш, Хуримтлалын санд төвлөрүүлэх юм. Ингэснээр иргэд Хуримтлалын сан дахь мөнгөө эрүүл мэнд, боловсрол, орон сууц авахад зарцуулах боломжтой болох юм.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах талаар тусгасан юм.
Монгол-Францын хамтарсан ураны төслийн хүрээнд төсвийн орлогод 4.4 тэрбум ам.доллар, үүнээс улсын төсөвт 70 сая, орон нутагт 29 сая, Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар төвлөрүүлнэ гэж тооцож байгаа юм. Мөн орон нутгийн хөгжилд 44 сая ам.доллар, НДШ-д 48 сая ам.доллар төвлөрүүлж, төслийн хугацаанд нийт 5,2 тэрбум ам.долларын ашигтай ажиллах юм.