Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс Төвөдөд мега усан станц байгуулна

Ч. Сансар

Хятад улс дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын далан байгуулахыг зөвшөөрлөө. Энэхүү далан нь дэлхийн хамгийн том Гурван хавцлын далангаас бараг гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадвартай юм байна.

137 тэрбум ам.долларын санхүүжилттэй уг төслийг Энэтхэгийн хилийн ойролцоо урсдаг Төвдийн Ярлунг Зангбо гол дээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, агаарын бохирдолтой тэмцэх зэрэг байгаль орчны зорилтуудыг багтаасан Хятадын 14 дэх "Таван жилийн төлөвлөгөө"-ний нэг хэсэг юм. Төлөвлөж буй далан нь урьд өмнө байгаагүй их эрчим хүч буюу жилд 300 тэрбум киловатт-цаг үйлдвэрлэнэ. Энэ нь Хятадын 300 сая хүнийг цахилгаан эрчим хүчээр хангах чадалтай гэсэн үг.

 Хятадын Гурван хавцлын далан нь одоогоор дэлхийн хамгийн том суурилагдсан хүчин чадалтай бөгөөд жил бүр 95-112 терраватт-цаг цахилгаан үйлдвэрлэдэг. Харин Ярлунг Цанпогийн усан цахилгаан станц нь Гурван хавцлын далангаас бараг гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадалтай.

Энэ гол дээр далан барихын тулд олон туннель (тус бүр 20 км урт) ухаж, голын урсгалыг өөрчлөх шаардлага гарна. Уг голоор секундэд 2,000 шоо метр ус урсдаг бөгөөд энэ нь Олимпийн хэмжээтэй гурван усан санг дүүргэх чадалтай юм.

Усан цахилгаан станцын далан барих газраас доош оршдог хөрш Энэтхэг улсын эрх баригчид Хятад улс голын урсацыг хянаж байгаад болон уг далангийн үзүүлэх нөлөөний талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: newatlas.com