Р.Ренчиндулам
Нүүрсний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний экспортын татвараа албан ёсоор цуцалсан талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ. Шинжээчдийн ярьж байгаагаар нүүрсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа аж.
2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн экспортын уян хатан татварыг 2024 оныг дуустал мөрдөж эхэлсэн ч улс төрийн ээдрээтэй байдлаас шалтгаалан 2024 оны тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд эрчим хүчний нүүрсний татварыг түр зогсоосон билээ.
Нүүрсний экспортын татвараа цуцалснаар нүүрсний зах зээлийн тоглогчдын дунд өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. “Futures for the Russian Coal Sector: Alternative Paths until 2035”-д бичсэнээр бол сэргээгдэх эрчим хүчний чадавхи хурдацтай хөгжиж байгаа ч Хятад, Энэтхэг хоёулаа нийлүүлэлтийн аюулгүй байдлаас сэргийлэхийн тулд дотоодын нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж байгаа нь энэ өрсөлдөөнд хүч нэмэх юм.
Тус тайланд дурдсанаар 2021 онд ОХУ-ын нүүрсний экспортын 23 хувийг худалдан авч байсан Европын холбоо 2022 оны наймдугаар сард Оросоос нүүрс импортлохоо зогсоосон бол Их Британи 2022 оны сүүлээр үүнийг дагасан билээ. Үүнээс гадна Швейцарь Оросын нүүрсний экспортын төвөө хааж, тээвэрлэлт, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглосон билээ.