Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оман сүүлийн 30 жилд анхны зэсийн экспортоо хийлээ

Оман зэсийн баяжмалаа анх удаа экспортолсон гэдгээ зарлалаа. 30 жил завсарласны эцэст тус улсын зэсийн экспорт дахин сэргэж байна.

Ойролцоогоор 900 тонн зэсийн баяжмалыг Minerals Development Oman (MDO) компани Сохар дахь Lasail уурхайгаас ачуулсан билээ.

Энэхүү гайхамшигт амжилт нь 30 жилийн дараа Оманы зэсийн салбарыг сэргээж байгаагийн шинж тэмдэг бөгөөд тус улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэлээ гэж MDO компани хэллээ.

"Lasail  уурхайгаас олборлосон зэсийг анх удаа экспортолсон явдал нь бид тулгарч буй сорилт бэрхшээлээ хөгжлийн бодит боломж болгон хувиргах чадвартай гэдгийг нотоллоо" хэмээн MDO-ийн гүйцэтгэх захирал Матар бин Салем Аль-Бади хэвлэлийнхэнд мэдэгдэв.

Lasail уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэсийн хүдэр олборлож, олборлосон хүдрийг 18%-иас 22% хүртэл цэвэршилттэй өндөр чанарын зэсийн баяжмал болгон боловсруулахаар төлөвлөж байна.

MDO компани 2025-2026 он гэхэд Лива мужид оршдог Al-Baydha уурхайг эхлүүлнэ гэдгээ зарласан. Эдгээр хоёр уурхай нийлээд 2.78 сая тонн орчим зэсийн хүдрийн нөөцтэй. Зэсийн уурхайгаа сэргээх төслийн эхний үе шат 4-5 жил үргэлжилнэ.

Тус компани зэсийн нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор ойрын бүс нутгуудад хайгуулын судалгааг идэвхтэй хийж байгаа аж. Үүнээс гадна MDO компани Оман дахь зэсийн баяжмал үйлдвэрлэх хамгийн том төсөл болох Mazoon төслийг хэрэгжүүлэх юм байна.

Эх сурвалж: mining.com