Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулна

Р.Ренчиндулам

Эдийн засгийн хориг арга хэмжээ, Украйны эсрэг хийж буй дайны улмаас 2025 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, банкуудын ашиг буурах төлөвтэй байна гэж Оросын хоёр дахь томоохон банк болох “VTB”-гийн гүйцэтгэх захирал Андрей Костин “Reuters”-т онцолжээ.

Түүний таамаглалаар Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2025 онд 1.9% болж удааширч, Олон улсын валютын сангийн 1.3%  гэсэн таамаглалаас давах аж. Засгийн газар энэ онд эдийн засаг 3.9 хувиар өснө гэж таамаглаж байгаа ч инфляц өсөх магадлалтай хэвээр байна.

Костин "Дайн бараг гурван жил үргэлжилж, их хохирол амссан төдийгүй хориг арга хэмжээнүүд үүнээс ч илүү эрсдэлд оруулж байна. Улсын төсвийн гуравны нэг нь цэргийн салбарт зарцуулагдаж байна. Бид маш ээдрээтэй, эмзэг нөхцөлд амьдарч байгааг дурдах хэрэгтэй" гэж “Reuters”-т ярьжээ.

"Ямар ч эдийн засаг ийм үйл явдлуудыг сөрөг үр дагаваргүйгээр даван туулах боломжгүй. Гэхдээ бид ийм хүнд нөхцөлд гурван жил амьдарлаа, эдийн засгийн өсөлт бага ч гэсэн байна, хамгийн гол нь манай эдийн засаг сорилтыг давж эрүүл хэвээр байна" гэж тэр нэмж хэлэв.

Хэдийгээр Костин Төв банкны зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг ч 8.5 хувийн инфляци Оросын хувьд тийм ч эрсдэлтэй биш, үүнийг даван туулж болно гэж үздэгээ ч хэлжээ. Мөн Оросын рублийн ханш тодорхой хугацааны дараа 100 орчим ам.долларт тогтворжино гэж тэр онцолсон юм.