Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.САНАСЭР: КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛ НЬ АШИГТ АЖИЛЛАГАА, ҮР АШИГ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ

И. Отгонжаргал

Удирдлагын тогтолцоо, төрийн өмчит компанийн засаглалыг хөгжүүлэх талаар Эдийн засагч, Бизнесийн удирдлагын ухааны доктор, засаглалын зөвлөх С.Санасэртэй ярилцлаа. Харвардын их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан тэрбээр компанийн засаглал, менежмент, хөдөлмөрийн болон хөгжлийн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн нэгэн юм.

ХАМТЫН УДИРДЛАГА, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООНД ТУЛГУУРЛАН САЙН ЗАСАГЛАЛ ТОГТДОГ

Төрийн өмчит компаниуд засаглалын хувьд ч, ашигт ажиллагааны хувьд хувийн хэвшлийн компанитай харьцуулахад алдагдалтай ажиллаж, удирдлага, зохион байгуулалт нь цаг үеэсээ хоцорч буй нь илт байна?

Хувийн өмчит компаниуд ихэнх тохиолдолд ашигт ажиллагаа, үйлчилгээ, бүтээмж зэрэг олон үзүүлэлтүүдээр төрийн өмчит компаниудаас илүүрхэж, манлайлдаг жишиг олон улсад ч бий. Парламентын засаглалтай, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сууриа болгосон дэлхийн тэргүүлэх улсуудад ч төрийн өмчит компаниуд нь эдийн засагтаа төдийлөн том орон зай эзэлдэггүй. Энэ нь эдийн засгийн гол хүчийг хувийн өмч дээр тулгуурласан компаниуд, хувийн хэвшил гүйцэтгэж байгааг харуулж байгаа тодорхой хэлбэр.

Харин манайд эсрэгээрээ төрийн өмчийн оролцоотой компаниуд одоо болтол Топ-100 аж ахуйн нэгжид олноороо багтсан, эдийн засагт тодорхой орон зай эзэлж буй нь манай хувьд онцлог асуудал. Тэгсэн атлаа төрийн өмчит компаниудын алдагдал, өр төлбөр их, бүтээмж хамгийн муу түвшинд байсаар байна. Улс төрийн нөлөө их, мэргэжлийн бус, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс удирдах албан тушаалд олноор томилогддог, мэдээллийн ил тод байдал хангалтгүй гээд дутагдалтай олон асуудал бий. 

Төрийн өмчит компаниудтай харьцуулбал хувийн хэвшлүүд маань илүү сорилттой тулгарч, илүү бүтээмжтэй ажиллан нийгэм, эдийн засагт ачаа үүрч яваа нь бодит үнэн.

Нөгөө талаас нь харвал, 150 мянга гаруй аж ахуйн нэгж, 50 мянга гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа мэт боловч аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 40 хүрэхгүй хувь нь л тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн 95 мянган аж ахуйн нэгжийн 50% нь түр зогссон, мөн хэмжээнийх нь үүд хаалгаа барьсан байдалтай байгааг бид статистикаас харж болно.

Төр, хувийнх гэлтгүй компаниудын тогтвортой байдал яагаад ийм сул байна вэ?

Манай компаниуд олон улсын зах зээлд хүрч, өрсөлдөж чадаж байна уу? Цаашлаад зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байна уу гээд харвал туйлын хангалтгүй байгааг манай экспортын бүтэц харуулж байгаа. Нийт экспортын 90-ээс дээш хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл бид үйлдвэрлэгч биш байгалийн баялгаа зарж амьдарч байна. Шинээр хийж бүтээх, улмаар зах зээлд таниулах, логистик дэд бүтцийг бий болгох, түүнийг удирдах нь мэргэжлийн амаргүй ажил л даа. Тэгэхээр компаниуд гэдэг маань цаана нь удирдлага, мэргэжилтнүүд, хүмүүс л байдаг. Тэдний манлайлах чадвар, удирдлагын тогтолцоо, мэргэжил мэдлэг олон улсад өрсөлдөх түвшинд хүрэх шаардлагатай гэж дүгнэж болно. 

Уул уурхайн баялгаа бид эцсийн бүтээгдэхүүн рүү хувиргаж чадахгүй байгааг бизнесийн удирдлага талаас нь харвал шинэ бүтээгдэхүүн бий болгох, хөрөнгө мөнгө босгох, компаниа түүнд нийцүүлэн өөрчлөх, хүний нөөц бэлтгэх, дэд бүтэц угсрах, яриа хэлцлүүд хийх, үнэ цэнийн гинжин хэлхээ бий болгох гээд удирдлагын тогтолцооны чадамжийн асуудлууд бий

Мэдээж ямар ч улс орон үсрэнгүй хөгжилд хүрэхэд хугацаа шаардлагатай. Зөвхөн төрийн тогтвортой бодлого, гадаад хүчин зүйлээс гадна компанийн удирдлагууд өөрсдөө стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, бизнесийн чиглэлээ зав тодорхойлж, гүйцэтгэх удирдлагууд нь мэргэжлийн түвшинд ажиллаж чадвал бидний өмнө том ирээдүй байна гэдэгтэй санал нийлдэг.

Компаниудын гүйцэтгэл тааруу байгаа нь чухам юунд байна вэ?

Бизнесийн удирдлагын мэргэжлийн лидерүүд бус эзэд нь өөрсдөө компаниа удирдаж байгаа нь түгээмэл байна. Дэлхий дахинаа өөрчлөгдөж буй асар их хурд, өрсөлдөөн дунд компани, байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдах нь ямар ч боломжгүй болсон.

Компанийн өмчлөл, удирдлага зарчмын хувьд тусдаа байх тухай онол, практикууд тэртээ 1930-аад оноос эхлэлтэй. Сайн гүйцэтгэлтэй компаниудын ерөнхий өнөөдрийг хүртэл явж байна. хандлага энэ зарчмаар ч явж байна.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн багийн удирдлага дор өмчийн эзэд болон бусад оролцогч талууд хяналтаа тавьдаг хэлбэр гэсэн үг.

Ямар ч байгууллагад эдийн засаг, улс төр, олон улсын байдал, хүний нөөц, технологи, байгаль орчин гээд дотоод, гадаад олон хүчин зүйл нөлөөлж байдаг ч сайн засаглалтай, мэргэжлийн удирдлага дор ажилладаг, түүнийгээ тогтолцоогоороо хянадаг байгууллага зорилгоо хэрэгжүүлээд явж чаддаг.

Үр дүнд нь бүх оролцогч тал үр ашиг хүртдэг. Өөрөөр хэлбэл, орчин үед зөвхөн эздээс гадна хэрэглэгчид, ханган нийлүүлэгчид, Засгийн газар, ажилчид ур ашиг хүртдэг тийм тогтолцоо руу явж байна.

Тухайлбал, дэлхий дахиныг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлууд сайн засаглал, мэргэжлийн удирдлагатай компаниудад харин ч том боломжийг бий болгож байгааг харж болно.

Компанийг ер нь ямар институт нь чиглүүлж, ямар нь өдөр тутмын ажлыг удирдан, түүнд хэн хяналт тавьдаг вэ? гээд олон асуулт гарч ирдэг. Энэ бүхнийг улс орны эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид компани засаглал судлалаар дамжуулан хөгжүүлсээр явж байна

Компанийн засаглал олон улсад харьцангуй сүүлд гарч ирсэн ойлголт. Мөн чанарыг гүнзгий ойлгож, сайн туршлагууд өөрийн онцлогтоо нийцүүлэн, бодит ажил болгож чадвал олон улсад өрсөлдөх чадвартай компаниуд улам хурдтай өсөж, бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Түүгээр ч зогсохгүй энэ нь улс төр, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд зэрэг нөлөөлөл хөгжлийг бий болгож байдаг олон давуу талтай.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГЫН БАГ, ЛИДЕРҮҮДИЙН ХОМСДОЛ АЖИГЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын компаниудын засаглалд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

Бизнесийн орчин, компанийн засаглал нь зөвхөн тухайн компанийн асуудал биш байдаг. Энэ нь салбар дундын томоохон асуудал гэдгийг олон улсын байгууллага эрдэмтэн судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Хууль эрх зүйн орчин менежмент, манлайлал, байгаль орчин нийгэм, эрсдэлийн удирдлага, санхүү аудит, хүний хөгжил, хариуцлага, шударга зарчим гээд олон талт нарийн асуудлуудтай 

холбогддог. Нэг өнцгийг нь тодруулан авч үзье. Монголчууд бид нийгмийн шин тогтолцоо, компанийн харилцаанд ороод 30 жилийн л туршлага хуримтлуулсан байна. Энэ бол нийгмийн ухааны хөгжил талаас авч үзвэл харьцангуй бага хугацаа. Харин хүний хөгжил талаас харвал олон улсын зах зээлийн тэр хүчтэй өрсөлдөөнд компанийг аваад явдаг тийм мэргэжлийн удирдлага хүмүүс манайд бэлтгэгдэж амжсан уу гэх мэт асуулттай тулгарна.

Ийм хүмүүсийг бэлтгэхэд багадаа 10, цаашилбал 20-30 жил суралцах. үргэлжлүүлэн практик дээр ажиллах хугацаа шаардлагатай байж магадгүй. Хамгийн сонирхолтой нь хүссэн хүн бүрт лидер болох боломж, өгөгдөл байдаггүйг манлайллын онолууд ч, мөн практик дээр ч харагддаг.

Жинхэнэ лидерүүд хамтын удирдлагын тогтолцоог чухалчилдаг. Тэгэхээр манайд тулгарч байгаа бодит асуудлуудын нэг нь хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн удирдлагын баг, лидерүүдийн хомсдол ажиглагдаж эхэллээ. Цаашдаа ч энэ нь улам тод мэдрэгдэнэ. Яагаад гэвэл бизнес хөгжих, зах зээл өргөжихийн хэрээр мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг, жинхэнэ үр ашгийг бий болгож чаддаг манлайлагчид, удирдлагын багийн эрэлт нэмэгдэх нь тодорхой. Түүнийг дагаад тэдгээр хүмүүсийн үнэлгээ ч нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээл дээр тэнцвэрт байдал тогтоно гэж хардаг. Үр дүнд нь сайн гүйцэтгэл, үр ашиг бий болно. Энэ нь мэдээж эргээд эдийн засаг, хамтын асуудлаа шийдэхэд чухал нөлөөтэй.

Та яриан дундаа компаниуд хамтын удирдлагын тогтолцоо руу орох хэрэгтэй гээд шинэлэг, чухал сэдэв хөндлөө. Энэ талаараа тодруулж ярихгүй юу?

Нэг хүнээс хамаарсан аливаа шийдвэр эрсдэлтэй байдаг л даа. Төрийн удирдлага ч ялгаагүй нэг хүнээс хэт хамааралтай болвол дарангуйлал руу шилждэг шиг компаниуд гэсэн нэг хүний шийдвэрээр явбал хүн төгс биш учраас алддаг. Буруу хүн тэнд очвол бүр аюул учруулж болно. Компанийн засаглал нь угтаа бол хамтын удирдлагын тогтолцоо гэж хэлж болно.Манайд "Олны хүч оломгүй далай" гэж нэг сайхан ойлголт байдаг. Компанийн засаглалын цаана тийм философи явж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сайн засаглал гэдэг нь хамтын удирдлага, хяналтын тогтолцоогоор дамжуулж үр ашиг бий болгодог хэлбэр. Энэ нь угтаа оролцогч талуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагын хүчийг тэнцвэржүүлэх замаар хөгжил дэвшил, үр ашгийг байж болох хамгийн сайн үзүүлэлтэд хүргэхийг хичээдэг тогтолцоо. Хэт бие дааж ажиллаж, амьдарч ирсэн бидний хувьд одоо олуулаа хамтарч ажиллах чиглэл руу шилжих бодит сорилтын өмнө ирээд байна.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ГЭХЭЭР ТӨР ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ГЭСЭН ҮГ БИШ

Монголын төрийн өмчит компаниудын засаглалын асуудал маш хүнд байна. Өнөөдөр Засгийн газрын түвшинд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах асуудал руу ханцуй шамлан орно гэдгээ мэдэгдсэн. Энэ шинэчлэлийг юунаас эхлэх ёстой вэ?

Хамтарсан Засгийн газар энэ хүнд асуудлыг барьж аваад зоригтой ажиллахаар дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь сайн хэрэг Гэхдээ энэ дуу хоолой удааширч болохгүй бөгөөд цаашдаа ямар ч байсан бодит үр дүнд хүрэх ёстой. Яагаад гэвэл өмнө нь ч өөрчлөх, шинэчлэх тухай байнга ярьдаг байсан. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах асуудал яригдаад олон жил болж байна.

Хүнд асуудал гэдэг нь маш том хөрөнгө мөнгө, улстөрчдийн ашиг сонирхолтой холбоотой байдаг учраас ихэнх улсад энэ асуудлыг шийдэж чадахгүй удааширдаг нь бодит үнэн. Үр дүнд нь нийтийн өмч хөрөнгө төрийн нэрээр хэдэн улстөрчдийн гараар ороод үрэн таран болж байдаг. Хохирол нь маш том. Зүгээр нэг хөрөнгө алдагдаад зогсохгүй иргэдийн итгэл цөхрөлийг барж байдгаараа ноцтой. 

Хүмүүсийн илүү сайнаар амьдрах боломжуудыг үгүй хийж байдаг цоорхой сав л гэсэн үг. Тэгэхээр бид зайлшгүй энэ савуудаа нөхөх хэрэгтэй, ийм савуудыг аажмаар цөөрүүлэх цаг нь болсон. Энэ шинэчлэлийг юунаас эхлэх вэ?

Шуудхан хэлэхэд хувийн хэвшил хийх боломжтой бизнес, үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй олон нийтийн хувьцаат компани болгон хувьчлах зориг, хандлагаас эхлэх хэрэгтэй.

Ингэж байж төр ачаагаа хөнгөлж цомхон, ухаалаг болох эхлэл тавигдана. Үүнтэй хамт бусад төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглал, удирдлагын тогтолцоонд жинхэнэ реформ хийх хэрэгтэй.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхийд анхны нээлттэй компани 1600-аад оноос байгуулагдсан байдаг. Түүнээс хойш хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлээр баяжин уламжлагдан хөгжиж ирсэн тэр үнэт зүйл, хэм хэмжээ рүү явах шаардлагатай болжээ гэсэн үг. Тэгж байж бид гадаад болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын ойлгодог "хэл"-ээр ярилцах боломж бүрдэж, хөрөнгө оруулалт татах, цааш нь хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Жишээ нь эрчим хүчний реформын хүрээнд тус салбарын төрийн өмчит компаниудын засаглалыг хэрхэн сайжруулж, чухам юунаас эхэлбэл зөв бэ?

Төрийн өмчит компаниудын бодит байдлыг бид эрчим хүчний салбарын компаниудаас шууд харж болно. Компанийн засаглал бол удирдлага, хяналтын тогтолцоо юм Манай төрийн өмчийн компаниудад хяналт тавьдаг байгууллага буюу Төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурал нь уг ажлаа хангалтгүй хийдэг. Түүнд их олон шалтгаан бий л дээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хэрхэн сонгож, чөлөөлж байна вэ гэдэгтэй шууд холбоотой. Түүнд мэдээж улстөрчид том үүрэг гүйцэтгэдэг.

Төрийн өмчит компани гэхээр төр хязгааргүй эрх мэдэлтэй гэсэн үг биш юм Өөрөөр хэлбэл, төр хувьцаа эзэмшигчийн эрх мэдлээс хальж, төрийн зарим захиргааны эрхтэйгээ хольж, бусдаас илүү эрх эдлэн компанийн үйл ажиллагааг өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлснээр энэ нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр төр компанийн хувьцаа эзэмшигч хэлбэрээр байгаа үед бусад хувьцаа эзэмшигчтэй яг адил түвшинд эрх эдэлж, үүрэг хүлээдэг байх шаардлагатай.

Төрийн өмчит компанийн ТУЗ-д автоматаар шахуу яамдын өндөр албан тушаалтнууд томилогддог шүү дээ. Тэнд төрийг төлөөлүүлэх хүний хариуцлагыг хэрхэн өндөрсгөх вэ?

Манайд төрийг төлөөлдөг этгээд нь төрд ажилладаг хүмүүс гэсэн байдлаар Засгийн газраас сонгогддог. Үүний үр дүнд ашиг сонирхол давамгайлсан, компанид үр ашиг багатай, мэргэжлийн бус шийдвэрүүд гарах нөхцөл бүрддэг. Цаашилбал ТУЗ-ийн хурал дээр ажил хэрэгч, бизнесийн идэвхтэй хэлэлцүүлэг өрнөдөггүй.

Товчхондоо төрд олон жил ажилласан хүмүүс бизнесийн харилцаа, орчин, стратеги дээр ажиллах чадамжгүй болохыг энэ олон алдагдалтай компаниудаас харж болно Тэгэхээр төрийг хувьцаа эзэмшигч гэх хардаг, түүний эрх ашгийг жинхэнэ хамгаалан ажиллаж чадах лидерүүдийг бид хөндлөнгөөс бас хайж болно гэсэн үг. Тэгэхээр бид хандлагаа өөрчилмөөр байна.

Хөдөлмөрийн зах зээлийн бас нэг чухал зарчим бол үр ашиг бий болгож байгаа хүний үнэлгээ өсөж байдаг. Шилдэг мэргэжлийн лидерүүдийг хөдөлмөрийн зах зээлээс татаж ажиллуулахын тулд сайн засаглалтай компанийн ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлага нь гүйцэтгэлтэйгээ уялдсан өндөр цалин урамшуулалтай байдаг. Манай төрийн өмчит компаниуд ТУЗ-ийн гишүүдэд гүйцэтгэлтэй уялдаагүй маш бага цалин санал болгодог нь мэргэжлийн удирдлагын багт сайн хүний нөөц бүрдүүлэх боломжийг хязгаарладаг. Тиймээс сул ТУЗ бүрдэх нөхцөл бүрдэж, энэ нь компанийн стратегийн удирдлага болон хяналтад сөргөөр нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр практикт энэ мэт компанийн засаглалын бүхий л нарийн харилцааг нягт уялдуулж зохицуулсан компанийн дүрэм, журам цаашилбал хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Гэхдээ хууль, дүрэм журмын шинэчлэл бол реформын зөвхөн нэг хэсэг нь юм. Түүнээс гадна оролцогч талуудын эрх үүрэг, компанийн соёл, бүр цаашилбал ёс суртахуун, хүний хөгжилтэй ч холбоотой асуудлууд бий.

ХААЛТТАЙ БОЛГОНЫ ЦААНА БОЛОХГҮЙ, БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ, ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ БОЛОХ АВЛИГА НУУГДАЖ БАЙДАГ

 

Та "Монгол Улсад компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх асуудал" сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Таны ажлын гол дүгнэлт, үр дүн яаж гарсан бэ?

Практик талаас нь багцалж авч үзвэл 3 том зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, компанийн сайн засаглалыг хэрхэн тодорхойлох вэ? гэсэн асуудлыг шийдэхийн тулд шинэ "ЭмСиЖи" арга зүй, загварыг оновчлолын бодлогод тулгуурлан боловсруулсан.

Энэ загвар нь компанийн засаглалын тухайн өгөгдлүүдийн аль нь тухайн цаг хугацаанд илүү ач холбогдолтой болохыг тодорхойлох боломж олгодог.

Хоёрдугаарт, Энэ загвараа Монголын компаниуд дээр шалгасан. Манайд Төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлага гэсэн багц хүчин зүйлүүд ойрын хугацаанд хамгийн өндөр ач холбогдолтой болох нь тогтоогдсон Гуравдугаарт, сайн засаглалтай компани санхүүгийн хувьд ашигтай ажиллаж байна уу гэсэн асуудал руу чиглэсэн. Төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал гээд нийт санхүүгийн 14 шалгуур үзүүлэлтээр TON компаниудын сүүлийн 5 жилийн аудитаар хянагдсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг компанийн засаг лалын үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан.

Нэгтгээд дүгнэхэд компанийн сайн засаглал нь компанийн ашигт ажиллагаа, ур ашиг, хариуцлагыг нэмэгдүүлдэг болохыг баталсан. Тэгэхээр компаниудын ашиг олох үндсэн зорилгод компанийн сайн засаглал маш чухал гэдгийг эндээс харж болно.

Үр ашигтай ажиллаж байгаа компаниуд нийгэм, эдийн засагт ямар сайн үр дагавар авч ирэх нь ойлгомжтой. Ажлын байр бий болгоно, хүрээлэн буй орчин, нийгэмд хариуцлагатай байж чадна. Татвар төлөлт нэмэгдэнэ.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. Хамгийн гол нь сайн засаглалтай компаниудын бизнесийн ёс зүй, хариуцлага нэмэгдэж нээлттэй ил тод байдлаар дамжуулан авлига буурах суурь үндэс болдгоороо манайд ихээхэн ач холбогдолтой юм.

 

Тэгвэл төрийн өмчит компаниудын хувьд гол асуудал юу байна вэ? 

Хаалттай юм болгоны цаана болохгүй, бүтэхгүй бүх зүйл, үүн дээр нэмээд тодотгоход манай хамгийн том асуудал болох авлига нуугдаж байдаг. Зөвхөн санхүү талаас аваад үзэхэд л ямар зардлаар, юу хийсэн нь нарийн тайлагнаагүй үед цаана нь үр ашиггүй, ашиг сонирхлын зөрчилтэй зардлууд гарах нөхцөл бүрддэг. Энэ нь манайд түгээмэл Төрийн өмчит компаниуд дээр үүний цаана мэдээж эрх мэдэлтнүүд бий гэсэн хардлага явдаг. Санхүүгийн болон санхүүгийн бус тайлагналаа тогтмол хийж, компанийн сайн засаглалын туршлагад нийцүүлэн ил тод тогтмол байлгаж чадвал энэ бүх асуудлыг таслан зогсоох боломжтой.

Цаг тухайдаа хийгдсэн нээлттэй мэдээлэл дээр дуртайяа ажиллах эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, сэтгүүлчид. мэргэжлийн холбоод манайд бий. Эдгээр нь сайн ажилладаг болоод ирэхээр тэнд ямар нэг ашиг сонирхол, булхай, луйвар байх боломж улам багасдаг олон улсын жишиг бий. Ийм байдал удаан үргэлжлээд ирэхээр тэр нийгэм цэвэршдэг. Өнөөдөр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж энэ мэт олон нарийн асуудлуудыг зоригтой хийж чадвал нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэх боломжтой болохыг Сингапур, Румын гэх мэт улсын жишээнүүдээс харж болно. Тэгэхээр төрийн өмчит компанийн засаглалын асуудал бол дан ганц компанийн асуудал биш салбар дундын том асуудал гэдгийг дахин онцолъё.

Компанийн менежментийн түвшинд юу хийх ёстой вэ?

Компанийг удирдан авч явах тогтолцооны ажлуудыг багцалбал 3 үндсэн чиглэл байдаг. Нэгдүгээрт, хэн энэ компанийг чиглүүлэх вэ? Хоёрдугаарт, хэн өдөр тутмын ажлыг удирдан авч явах вэ? Гуравдугаарт, өдөр тутмын ажил чиглэл зорилгын дагуу 300 явж байгаа эсэхэд хэн хяналт тавих вэ? Өөрөө өөрийгөө хянаж, чиглүүлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг учраас эдгээр ажлыг хүн төрөлхтөн салгаж, хяналт удирдлагыг сайжруулах оролдлого хийж хөгжүүлсээр ирсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Манайд харин эдгээр ажлуудыг удирдлагын түвшинд хольж хутгаад мөн чанарыг нь алдагдуулдаг хандлага ажиглагддаг.

Тухайлбал, компанийн алсын хараа, стратегийг боловсруулж түүний гүйцэтгэлд хяналт тавих ёстой ТУЗ нь энэ ажлаа хангалттай хийдэггүй, Тийм боломж ч байдаггүй талаар өмнө би дурдсан. Таны асууж байгаа менежмент бол гүйцэтгэх удирдлага юм. ТУЗ нь гүйцэтгэх удирдлагын ажил руу орчихдог эсвэл бүр хол хөндий байдаг гээд манайд олон асуудал бий. Гүйцэтгэх удирдлага буюу менежмент нь мэргэжлийн бизнесийн удирдлагын багийн ажил. Олон улсад ер нь ямар ч байгууллагыг бизнесийн удирдлагын туршлагатай мэргэжлийн хүн удирдах нь илүү үр дүнд хүргэдэг. Ийм чухал хариуцлагатай бизнесийн удирдлага харилцааны ажилд манайд төрд насаараа ажилласан, "цүнх барьсан" эсвэл ямар нэг шинжлэх ухаанаар дагнаж "туйлширсан" хүмүүсийг тавих хандлага байна. Ийм үед тухайн төрийн өмчит компанид үр ашигтай ажиллах боломжгүй байдал үүсдэг.

Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулахаар гаднын менежментийн баг авч ажиллуулах тохиолдол байдаг. Тухайлбал, Хөгжлийн банкийг байгуулахад анх БНСУ-ын менежментийн багт хандсан. Одоо "Эрдэнэс Тавантолгой" компанийг мөн гаднын менежментийн багаар удирдуулна гэж байна. Энэ хэр зөв бэ?

Зөвхөн гүйцэтгэх удирдлагыг сольсноор асуудал шийдэгддэггүй. Яагаад гэвэл түүнийг сонгож ажиллуулдаг болон хяналт тавьдаг ТУЗ-ийн гишүүд нь тааруу байгаад л байвал бүр өөр шинэ асуудлууд үүсээд явчихдаг. Зөвхөн ТУЗ-ийг солиод бас болчихгүй. Яагаад гэвэл ТУЗ-ийг томилдог нь эргээд улстөрчид байх юм бол асуудал өөрчлөгдөхгүй. Цогцоор нь авч үзэх шаардлагатай. Үүнийг магадгүй реформ гэж хэлж болно. Цогцоор нь хийхэд бидэнд бэлэн туршлага байна. Үүнийг бид өөрсдийн онцлогт тохируулан мэргэжилтнүүдтэйгээ нийлээд шийдлийг нь, бодлогыг нь боловсруулах хэрэгтэй. Түгээмэл багц асуудлууд байдаг. Тухайлбал, хувьцаа эзэмшигчидтэй холбоотой, ТУЗ-тэй холбоотой, гүйцэтгэх удирдлагатай холбоотой, тайлагналтай холбоотой, нээлттэй ил тод байдалтай холбоотой, сонирхлын зөрчил, хэлцэлтэй холбоотой, хариуцлагатай холбоотой гэх мэт. Эдгээрийг задлаад нэг бүрчлэн удирдах чадвартай тийм мэргэжлийн манлайлагч ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагуудыг яаж томилох вэ гэдгээс эхэлнэ. Ер нь компанийн засаглалыг гаднаас нь хүчээр гэхээс илүү түүний үндсэн оролцогч талууд болох ТУЗ- ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагыг эрс шинэчлэх, сайжруулах замаар тэдгээрээр дамжуулан дотроосоо өөрийгөө засаад явдаг тийм тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Мэргэжлийн удирдлагын багийг удирдлагын тогтолцоо нь бий болгодог тул улстөрчдийн дам болон шууд нөлөөгөөр удирдах албанд томилдог бүх боломжийг хязгаарлах хэрэгтэй.