Р.Ренчиндулам
“Давос-2025” дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 20-24-нд Швейцарын Давос хотноо болж байгаа билээ. Тус чуулга уулзалтыг энэ жил “Ухаалаг эрин үе дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс эхлээд хиймэл оюун зэрэг сэдвийг хамарсан 200 гаруй хуралдааныг зохион байгуулах ажээ. Уулзалтад дэлхийн 200 орчим улс орон, бүс нутгийг төлөөлсөн 3000 орчим хүн оролцож байгаагийн дотор улс төр, бизнесийн салбарын манлайлагчид багтаж байгаа юм. Ерөнхийдөө дэлхийн улстөр эдийн засагт тулгараад буй олон асуудлыг хамтын хүчээр шийдэхийн чухлыг чуулга уулзалтын үеэр онцлон тэмдэглэх юм байна.
Мөн хэдхэн цагийн өмнө тангараг өргөөд буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт тус чуулганд цахимаар оролцохоор төлөвлөснийг “NHK world”-д мэдээлжээ. Түүний мэдэгдлийг дэлхий нийтээрээ анхааралтай хүлээж байна. Учир нь, Цагаан ордны тэргүүн өөрийн засаг захиргааны шинэ бодлого, Украйны дайныг зогсооход ямар арга хэмжээ авах, татварын бодлого зэргийн талаар мэдээлэл өгч магадгүй байгаа юм.
Монгол Улсыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд уг уулзалтад оролцож байгаа бөгөөд “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулах “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах” санамж бичиг зэрэгт гарын үсэг зурах ажээ. Мөн энэ удаагийн чуулганаар “Mongolia house”-г анх удаа ажиллуулж, уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна.