Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили улс уурхайн хаягдлаас кобальт, газрын ховор элемент гаргаж авахаар төлөвлөж байна

Т.Бямбанаран

Чилийн “Үндэсний хөгжлийн агентлаг” буюу “Корфо” нь уул уурхайн хаягдлаас стратегийн ашигт малтмал болох кобальт, газрын ховор элемент гарган авах төслүүдийг дэмжих санаачилгаа танилцууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд нэг төсөлд 3-4 сая ам.долларын хөрөнгө оруулж, тогтвортой уул уурхай болон технологийн хөгжлийг хурдасгах шинэлэг шийдлүүдийг бий болгохоор зорьж байна. 

Үүнтэй холбогдуулан 3 дугаар сар хүртэл санал, зөвлөмж хүлээн авах аж. Сонирхуулахад, Чили улсад нийт 800 орчим цэгт уул уурхайн хаягдлын  нөөц байдаг гэсэн тоо бий. Тус улс уурхайн хаягдлаас зэс олборлоход тодорхой ахиц гаргасныг дурдах нь зүйтэй. 

Энэхүү санаачилга нь цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардагдах металлын эрэлт нэмэгдэж буй өнөө үед нүдээ олсон шийдэл юм. Дэлхий дахинд цахилгаан автомашины батарейд өргөнөөр ашигладаг лити, кобальтаас гадна сэргээгдэх эрчим хүчний технологийн салшгүй хэсэг болох ховор металлын эрэлт мэдэгдэхүйц өссөөр байна.

“Манай улс кобальт болон ховор металл зэрэг түүхий эдийн нөөц баялаг асар ихтэй,” гэж тус улсын Уул уурхайн сайд Аурора Уильямс онцолжээ. Өмнө нь үл тоомсорлож байсан хуучин хаягдлын овоолго одоо эдийн засгийн өндөр ач холбогдолтой болоод байна гэсэн юм.

Уг бүтээн байгуулалтын ажил нь урьд өмнө ашиглаж байгаагүй уурхайн хог хаягдлыг дахин боловсруулах боломжийг олгоно хэмээн сайд Уильямс онцлов. 

Энэхүү санаачилгаа хэрэгжүүлэхэд инновац шингээж, үйлдвэрлэлийг өргөтгөхөд анхаарлаа хандуулж байгаа ажээ. Уурхайн хаягдлын улмаас хүрээлэн буй орчинд учрах эрсдэлийг шийдвэрлээд зогсохгүй газрын баялгаа тултал ашиглах хүчин чармайлтын сайн жишээ юм.

Эх сурвалж: www.mining.com