Хятад улс АНУ-аас импортолж буй эрчим хүчний бүтээгдэхүүнд татвар ногдуулсны улмаас АНУ-ын экспорт Энэтхэг рүү нэмэгдэх төлөвтэй байна гэж тус салбарын таван албаны хүн мэдэгдэв. Энэ нь Энэтхэгийн зах зээл дээрх Австрали болон Оросын байр суурьд нөлөөлж болзошгүй юм.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Сангийн яам АНУ-ын нүүрсний импортод 15%-ийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн нь АНУ-ын нүүрсний компаниудыг дэлхийн хоёр дахь том импортлогч Энэтхэг рүү нүүрсээ нийлүүлэхэд хүргэж магадгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна.
Энэтхэгийн “I-Energy Natural Resources” компанийн захирал Васудев Памнани "Хятад руу ачаагаа тээвэрлэх ёстой байсан АНУ-ын гурван усан онгоц Энэтхэгт ачаагаа буулгасан бөгөөд дахиад 10 орчим том ачааны усан онгоц ачаагаа буулгахыг хүлээж байна. Энэ нь үнийг улам доошлуулж болзошгүй. АНУ-ын импорт нэмэгдэх нь Австралийн нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй” гэж Coaltrans India чуулга уулзалтан дээр хэлсэн байна.
АНУ Хятадын нүүрсний импортын зах зээлд бага хувь эзэлдэг ч, АНУ-ын коксжих нүүрсний импортын үнэ 2024 онд бараг гуравны нэгээр нэмэгдэж, 1.84 тэрбум ам.долларт хүрсэн.
АНУ-ын хамгийн том нүүрс олборлогч Peabody Energy компанийн маркетингийн захирал Малькольм Робертс өнгөрсөн долоо хоногт шинжээчидтэй хийсэн хурлын үеэр, Хятадын тарифын үр дүнд АНУ-ын нүүрс Энэтхэг рүү, Австралийн нүүрс Хятад руу илүү ихээр гарах боломжтой гэж хэллээ.
Өнгөрсөн арван жилд Австрали улс Энэтхэгийн коксжих нүүрсний импортын 80 орчим хувийг эзэлдэг байсан. 2024 онд Австралийн эзлэх хувь 62% хүртэл буурч, АНУ, Орос болон Мозамбикээс нүүрсний нийлүүлэлт өссөнөөр Энэтхэг улс нүүрсний импортоо төрөлжүүлж чадсан.
Австрали одоо Хятадын зах зээлд эзэлдэг байсан байр сууриа сэргээх боломжтой. 2021 онд Хятад Австралийн импортод албан бус хориг тавихаас өмнө тус улс Хятадын коксжих нүүрсний импортын гуравны хоёрыг нийлүүлдэг байсан аж. Одоогоор Монгол, Орос хоёр Хятад руу коксжих нүүрсний хамгийн том экспортлогч орон болоод байна.
2024 онд Хятад дахь коксжих нүүрсний зах зээлийн 9%-ийг АНУ, харин Австрали 8%-ийг эзэлдэг гэж Хятадын гаалийн мэдээлэлд дурдсан байна.
Эх сурвалж: reuters.com