Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

М.БОЛДБААТАР: "МОНГОЛРОСЦВЕТМЕТ"-ИЙН ХУВЬД ЭРДЭС МИНЕРАЛЫН НӨӨЦИЙГ ӨСГӨХ, НЭМЭЛТ ХАЙГУУЛ ХИЙХ НЬ МАШ ЧУХАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛСОН

А.Халиун

"Монголросцветмет" ΤӨΥΓ- ын Ерөнхий инженер буюу Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга, Уул уурхайн зөвлөх инженер Минсэлийн Болдбаатартай ярилцлаа. ЗХУ-ын Донецкийн Политехникийн сургуулийг Уул уурхайн болон газрын гүний барилга байгууламж буюу уурхайчдын хэлж заншсанаар шахтстрой мэргэжлээр төгсөж ирээд 1990 онд Монгол, Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн харьяа Бэрхийн уурхайгаас ажлын гараагаа эхэлснээс хойш "Монголросцветмет"-д өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж буй. Тэрбээр шинэ оны өмнөхөн Монгол Улсын "Гавьяат уурхайчин" хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ.

Энэ удаа "Монголросцветмет" ТӨҮГ-ын уул уурхайн салбарт эзэлж буй байр суурь болон хэрэгжиж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн талаар ярилцсан юм.

Зөвлөлтөд сургууль төгссөн шинэ инженер Бэрхийн хайлуур жоншны далд уурхайгаас ажлын гараагаа эхэлж байсан түүхээс Та хуваалцаач?

Би Донецк хотод уул уурхайн инженер мэргэжлээр сурч, III курсээ төгсөөд Угледар хотын Южно-Донбасская-3 уурхайн 1500 метрийн гүнд 2 сар дадлага хийсэн. Тухайн жилдээ шалгалт өгч өрөмдөгчийн III зэрэг авсан. Төгсөх курсдээ Донецк хотын "Октябрьская" уурхайн 750 метрийн гүнд үйлдвэрлэлийн дадлага хийж, нэвтрэгчийн V зэрэгтэй болж, мэргэжлийн өрөмдөгч боллоо. Сургууль төгсөж ирээд Бэрхийн уурхайд хуваарилагдаад очтол үйлдвэрийн дарга Даниель гуай өрөмдөгчийн сурагчаар ажиллах санал тавьсан. “Би уул уурхайн инженер, Ѵ зэргийн үнэмлэхтэй мэргэжлийн нэвтрэгч, өрөмдөгч байтал өрөмдөгчийн сурагчаар ажилла гэхэд нь их л дурамжханаар "Өрөмдөгч хийх гэж би дээд сургуульд таван жил сураагүй. Би энд ажиллахгүй, буцлаа" гэж гөжүүдэллээ. Гэтэл хөдөлмөр хамгааллын асуудал эрхэлсэн ерөнхий инженерийн орлогч П.Энхбаяр "Би ч гэсэн Донецкд төгссөн. Чи энд өрөмдөгчийн сурагч хийх ёстой" гэж ятгав. Ингээд би Бэрхийн уурхайн Хөлийн Холбоо хэсэгт нэвтрэгчийн сурагчаар ажлын гарaaraa эхэлсэн дээ.

Тэгсэн миний сурч, мэдсэнээс тэс өөр, урьд нь хийж үзээгүй ажил угтлаа. Жонш, өнгөт металлын уурхайн техник, технологи нь миний дадлага хийж байсан нүүрсний уурхайгаас огт өөр ажил байж билээ. Инженер байх нь хамаагүй, "Монголросцветмет" шинэ төгсөгчдийг анхан шатнаас нь ажиллуулж, шат ахиулдаг боловсон хүчний нарийн бодлоготой байв.

"Монголросцветмет" компанийн боловсон хүчний энэ бодлого одоо өөрчлөгдсөн үү?

Одооч бид энэ зарчмаар, инженер техникийн ажилтан, залуучуудыг анхан шатнаас нь ажиллуулж, туршлага суумагц дэвшүүлэн ажиллуулдаг. Би өрөмдөгчийн сурагчаар 3 сар ажиллаад, Б.Мөнхбат инженерийн дагалдангаар мөн 3 сар ажилласны дараа мастер буюу инженерийн хамгийн доод ажилтнаар томилогдсон. Улмаар мастераас Цехийн дарга, Үйлдвэр техникийн хэлтсийн даргын албыг хашиж байлаа. 1998 онд намайг Улаанбаатараас "Монголросцветмет"- ийн Нэгдүгээр орлогч Чертков.Ю.А. захирал дуудаад Нэгдэлд ирж ажиллах цаг чинь болсон" гэв.

"Монголросцветмет"-д очвол бусад олон уурхайг удирдахад оролцоно. Би татгалзлаа. Бэрхийн уурхай 800 орчим ажилчинтай, цомхон хамт олон байв. Би инженер болчихсон, нэг үеийг бодоход тэндээ танигдаад байсан үе. Энэ яриа болсноос хойш хоёр жилийн дараа 2000 оны 9 дүгээр сард Бор- Өндөрт томилолтоор очлоо. Ажлаа амжуулчхаад үйлдвэрийн хаалгаар гарч явтал "Монголросцветмет"-ийн Х.Бадамсүрэн захирал ярьж байна. "За Болдбаатар аа, чи Бор-Өндөрт одоо л ирж ажилла. Бид чамд дахин санал тавихгүй шүү" гэж байна. Би "За ойлголоо" гэж хэлээд, Бэрхийн уурхайн захирал Ц.Даваацэрэн, орлогч захирал Н.Батболд нартай зөвлөлдөөд Бор- Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт шилжсэн дээ.

Бор-Өндөрийн уурхай Бэрхтэй харьцуулахад хэр том байсан бэ?

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолдог, 1700 гаруй ажилчинтай том үйлдвэр.

Оросын талаас 170-аад мэргэжилтэн ажилладаг. Үйлдвэрийн бүх бичиг баримт, тушаал шийдвэр дийлэнхдээ орос хэлээр үйлдэгдэнэ. Орос, монгол мэргэжилтнүүдийг албан тушаалд сөөлжүүлж томилдог. Ерөнхий захирал нь орос хүн бол орлогч нь монгол хүн байх жишээтэй. Би 2000 оны 10 дугаар сард Бор- Өндөрийн уурхайн захирлын Нэгдүгээр орлогчоор томилогдон 2009 оны 10 дугаар сар хүртэл ажиллаад "Монголросцветмет" рүү шилжлээ. Хотод ирээд тус нэгдэлд ажиллаж байгаад 2010 оны 4 дүгээр сард "Монголросцветмет" ХХК- ийн Москва хот дахь төлөөлөгчөөр томилогдон 2 жил ажилласан.

"Монголросцветмет" хамтарсан үйлдвэрийн 49%-ийн төлөөлөл болох "Ростехнологи" компани, ТУЗ-ийн гишүүд буюу Оросын талын зөвлөлийн гишүүд Москвад байрладаг. Оросын талыг мэдээллээр хангах, Зөвлөлийн гишүүдийг "Монголросцветмет"-тэй холбон зуучлах үндсэн ажилтай. Хоёрдугаарт, Советын хурал заримдаа Орост болно. Хурлын бэлтгэл хангах, эрдсийн зах зээл, борлуулалтын судалгаа хийнэ. Тухайн үедээ манайх Орос, Украин руу жоншны ФФ-95, ФК-75 маркийн баяжмал гаргадаг, нийлүүлэлтийн тоо хэмжээ, чанартай холбоотой асуудал гарвал худалдан авагч талтай уулзаж, газар дээр нь асуудлыг шийдэх үүрэг чиглэлтэй ажилладаг.

УВСЫН ХЯРГАС СУМЫН ХОЛИМОГ МЕТАЛЛЫН ОРДЫН 100 ГА ТАЛБАЙД ХАЙГУУЛ ХИЙЖ БАЙНА

"Монголросцветмет" ТӨҮГ одоогоор хэдэн төрлийн ашигт малтмал олборлож, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Үйлдвэр тасралтгүй ажиллах дараагийн ордын ашиглах нөөц нь ямар түвшинд байгаа бол?

Одоо жонш болон төмрийн хүдэр олборлож жоншны ФФ-95, ФК-75 болон төмрийн хүдрийн Fe-65. Fe-52 баяжмал үйлдвэрлэж байна. Мөн алт олборлож байна. Нөөцийн талаар яривал жоншны хувьд Өргөн, Бор-Өндөр, Зүүн-Цагаандэл зэрэг 10 гаруй ордод 15 сая гаруй тонн хүдрийн нөөцтэй, олборлолтын хүчин чадлаас хамаарч 50 хүртэл жил ажиллах боломжтой. Баргилтын ордод төмрийн хүдрийн 32 сая гаруй тонн буюу 15-20 жил орчим ажиллах нөөцтэй. Алтны нөөцийн хувьд нэлээд багассан, сүүлийн жилүүдэд нөөцийг нэмэгдүүлэх, өсгөх чиглэлээр хайгуулын ажлыг нэлээд өргөн хүрээнд хийж байна. Цаашид эрдэс минералын нөөцийг өсгөх, “Монголросцветмет" болон харьяа үйлдвэрүүдийн ажиллах насжилтыг уртасгахын тулд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр бид тасралтгүй ажиллаж байна.

Нөөцийн судалгаа хийхэд ямар хугацаа шаардагддаг вэ?

Тухайн ордоосоо л хамаарна. Нөөцийн судалгааны ажилд "Монголросцветмет" жилд 5-10 тэрбум төгрөг зарцуулж байна. Манайх хайлуур жоншны нийт 14 тусгай зөвшөөрөлтэй, үүнээс 13 нь ашиглалтын, нэг нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Алтны 7 тусгай зөвшөөрөл байгаагийн 3 нь ашиглалтын, бусад нь хайгуулынх. Төмрийн хүдэр олборлох тусгай зөвшөөрөл бүхий ордод одоо олборлолт явуулж байна. Зэс болон холимог металлын хайгуулын тус бүр 1 тусгай зөвшөөрөлтэй.

Жишээлбэл, Увс аймгийн Хяргас сумын 100 га талбайд алт, төмөр, зэс агуулсан холимог металлын, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт хайлуур жоншны, Төв аймгийн нутагт алтны 2 талбайд хайгуул хийж байна.

Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Монголросцветмет" эзэмшиж байсныг "Эрдэнэс Монгол" нэгдэлд шилжүүлсэн. Танайд шинэ, шинэ төслүүд дээр ажиллах хэрэгцээ шаардлага үүсчхээд байхад яагаад шилжүүлсэн хэрэг вэ?

Тэр бол Засгийн газрын түвшинд шийдэгдсэн асуудал. Харин Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол" нэгдэлд шилжүүлсний дараа манайх зэс, алт, холимог металлын нийт хайгуулын 5 тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ албан ёсоор тавиад байна. Засгийн газрын хуралдаанаар ойрын үед шийдэгдэх болов уу.

"Монголросцветмет"-ийн хувьд хайгуул хийж, шинэ ордуудыг нээж тогтоох нь нэлээд тулгамдсан асуудал болжээ. Хайгуулын ажил юунаас болж ингэж хоцорч байна вэ? Хайгуулын үр дүнд үйлдвэрлэл явуулах хэмжээний нөөц илрэх магадлал ойролцоогоор хэдэн хувьтай байдаг вэ?

Хайгуулын ажлын үр дүнд үйлдвэрлэл явуулах хэмжээний нөөц тогтоогдож болно, тогтоогдохгүй ч байж болно. Тиймээс хайгуулын ажил уул уурхайн үйлдвэрлэлээсээ түрүүлж явах ёстой юм.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 2 жилийн хугацаагаар хориглосон шийдвэр гарч байсан нь уул уурхайн салбарын хөгжилд тодорхой хэмжээгээр саад болсон. 1700 гаруй хүн ажиллаж буй "Монголросцветмет"-ын хувьд нөөцийн асуудал маш чухлаар тавигдаж байна. 50 гаруй жилийн түүхтэй энэ байгууллагын дэд бүтэц, боловсон хүчний нөөцийг цаашид ашиглах, ажлын байрыг хадгалж үлдэх, харьяа үйлдвэрүүдийн ажиллах насжилтыг уртасгахын тулд тусгай зөвшөөрлүүдийг нэмэгдүүлэх, хайгуулын ажлыг эрчимтэй хийх шаардлагатай байна.

БОР-ӨНДӨРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫГ ӨРГӨТГӨН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛГОХ ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

"Монголросцветмет" ТӨҮГ-ын ашигт ажиллагаа ямар түвшинд байна вэ?

"Монголросцветмет" ΤΘΥΓ өмнө хэлснээр хайлуур жоншны болон төмрийн хүдэр олборлож, ФФ-95, ФК-75, Fe-65. Fe-52 баяжмалууд үйлдвэрлэж байна. Байгаа нөөцийн хүрээнд алт олборлож байна. Баргилтын төмрийн хүдрийн ордыг 2012 оноос ашиглаж эхэлсэн. 2018 онд тус уурхай ТЭЗҮ- ийн хүрээнд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш ашигт ажиллагаа тогтворжиж, тогтмол ашигтай ажиллаж байна. Сүүлийн үед бидний анхаарал тавьж, эдийн засгийн эргэлтэд оруулсан гол төсөл энэ. Уурхайн дэргэд төмрийн хүдрийг хуурайгаар баяжуулах 2 үйлдвэр байгууллаа. Жоншны баяжмалын хуучин үйлдвэртээ технологийн шинэчлэл хийж, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх хос технологийг нэвтрүүллээ. Ингэснээр олборлож байгаа хүдрээ 100% өөрсдөө боловсруулж байна гэсэн үг.

2025 онд бид 2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборлож, бүрэн боловсруулж, ойролцоогоор сая орчим тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Анх 2018 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед олборлосон хүдрийнхээ 50%-ийг боловсруулж, үлдсэнийг хүдэр хэлбэрээр нь экспортолж байв. Ашгийн хувьд 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 67 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэхээр байна.

Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлого баримтлахаа зарласан. Энэ бодлогын дагуу "Монголросцветмет"-ийн хийх дараагийн алхам юу байх бол?

"Эрдэнэс Монгол" нэгдлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийн стратеги төлөвлөгөөнд /2024-2035 он/ үйлдвэрлэл технологийн 6 парк байгуулах төлөвлөгөө боловсруулсны нэг нь Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийг түшиглэсэн жонш, цахиур боловсруулах цогцолборын төсөл юм.

Төслийн хүрээнд нэгдүгээрт, төмрийн хүдрийн баяжмалыг дахин боловсруулж, төмрийн хорголж хэмээх дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Бор-Өндөрийн уурхай Бор-Өндөр хот өөрийн үйлдвэрийг дулаан, хэрэглээний халуун ус, үйлдвэрээ үйлдвэрлэлийн технологийн уураар хангадаг дулааны станцтай. Энэ станцыг өргөтгөж Дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн нь энэ хүрээнд хийгдэх хоёр дахь том ажил. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангах төсөл хэрэгжих юм.

Төвийн эрчим хүчний системийн хангамжийн дутагдалтай байгаа энэ үед эрчим хүчний бие даасан эх үүсвэртэй болохын тулд дулааны станцаа өргөтгөн Дулааны цахилгаан станц болгон шинэчлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ээ боловсруулан Эрчим хүчний яамны Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулсан. Одоо үйлдвэрийн зураг төслийн ажлыг эхлүүлэх гэж байна.

Дараагийн чиглэл нь жоншны баяжуулах үйлдвэр шинээр барьж, байгуулахаар төлөвлөсөн. Учир нь, одоо ажиллаж байгаа жоншны баяжуулах үйлдвэр 40- өөд жил ажилласан нүсэр том, эрчим хүч, дулааны зарцуулалт өндөртэй үйлдвэр. Үүний оронд эрчим хүчний хэрэглээ багатай, хүчин чадал өндөртэй орчин үеийн цомхон үйлдвэр барьж, байгуулах шаардлага бий. Мөн үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүндээ тулгуурлан химийн үйлдвэрлэл хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл жоншны баяжмалыг ашиглаж дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

ҮНЭ ТАРИФЫН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД НӨХЦӨЛД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛЖ БАЙНА

Зэс, алттай харьцуулахад жоншны зах зээлийн үнэ хямд байдаг. Жоншийг ямар өртгөөр олборлож, баяжуулж, экспортолдог вэ?

Боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа 3 үйлдвэрийг харьцуулж тайлбарлая. "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалын зах зээлийн үнэ 2000 орчим ам.доллар. "Цайрт минерал" компанийн цайрын баяжмалын үнэ ойролцоогоор 1000 ам.долларын үнэтэй байна. Харин "Монголросцветмет"-ийн жоншны баяжмалын үнэ хамгийн өндөртөө 380 ам.долларын үнэ хүрч байна. "Эрдэнэт" үйлдвэр нэг л уурхайгаас хүдэр олборлож, дэргэдэх баяжуулах үйлдвэртээ боловсруулдаг. "Цайрт минерал" яг адилхан. Гэтэл "Монголросцветмет" 12-60 км зайтай 5-6 уурхайгаас янз бүрийн агуулга бүхий хүдэр олборлож, Бор-Өндөр рүү хүдрээ зөөж, энгийнээр яривал холиод, мэргэжлийн хэллэгээр бол дундажлаад баяжуулах фабрикт оруулна. Уурхай уурхайгаас өөр өөр агуулга, шинж чанартай хүдэр ирнэ. Харин Баяжуулах фабрик нэг төрлийн хүдэр боловсруулдаг горимтой тул дундажлаад баяжуулна. Тэр бүхэнд өртөг нэмэгдэнэ.

Гэтэл зэс, цайр, жоншийг баяжуулах технологи, ашиглах ус, хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчний үнэ, төмөр замын тээврийн тариф, АMHAT-aac бусад улсаас авдаг татварууд бүгд адилхан. Жишээлбэл, нэг тонн цайр, зэс, жонш баяжуулахад яг адилхан 4-4.5 шоо метр ус ашигладаг. Ийм ялгаатай, уул-геологийн хүнд нөхцөлд олборлолт явуулж, адил технологиор баяжуулаад эцэст нь зах зээлд эрс ялгаатай үнээр борлуулалт хийдэг. Бид үнэ тарифын болон эдийн засгийн хүнд нөхцөлд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж байна. Бусдаас хүнд нөхцөлд хөдөлмөрлөж, адилхан үнэ тариф. татварын орчинд ажиллаж байгаа хэр нь манай бүтээгдэхүүн маань ийм багаар үнэлэгдэж байна. Манай онцлог ялгаа энэ юм.

Та Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд уул уурхайн салбарын ямар төсөл, уурхай нээхэд мэргэжлийн зөвлөхөөр ажилласан бэ?

Би анх 2007 оны 7 дугаар сард "Уул уурхайн ашиглалтын техник технологи, өрөмдлөг, тэсэлгээний ажил УТ540500" сэдвээр Зөвлөх инженерийн зэрэг хамгаалж, энэхүү мэргэшлийнхээ хүрээнд төсөл, техник технологийн шийдэлд шинжээч хийх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх тусгай зөвшөөрөл авсан. Зөвлөх инженерийн зэргийг тав таван жилээр шалгалт өгч, сунгадаг. Миний хувьд 3 дахь шалгалтаа өгсөн. Гурван удаа шалгалт өгч байж Зөвлөх инженерээр насан турш ажиллах эрхээ авсан.

Зөвлөх инженерийн хувьд уул уурхайн 30-аад төсөлд, зөвлөх, шинжээчийн хувиар оролцож ажиллажээ. Бор-Өндөрт байхдаа болон "Монголросцетмет"-ийн ерөнхий инженерийн хувьд олон төслүүд дээр мэргэжлийн зөвлөхөөр оролцсон байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дахь Баргилтын төмрийн хүдрийн уурхайг ил аргаар ашиглах ТЭЗҮ, Дундговийн Баянжаргалан сумын нутаг дахь Хөх дэлийн хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ, Дорноговийн Их хэт сумын нутагт орших хуучин ашиглаж байгаад орхисон Зүүн цагаан дэлийн хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах ТЭЗҮ боловсруулах төсөл зэрэг олон ажлыг дурдаж болно. Зүүн цагаан дэлийн далд уурхайг энэ оноос ашиглаж эхэлнэ.

Мөн Бор-Өндөрийн УБҮ-ийн Адагийн далд уурхай, Хөшөөтийн уурхайг нээхэд, 2008 онд Бор-Өндөрийн үйлдвэрийн Баяжуулах фабрикын техник, технологийн шинэчлэлийн ажилд оролцож байлаа. 2020 онд Бэрхийн уурхайг түшиглэсэн "Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв" төслийн ТЭЗҮ боловсруулахад тус уурхайн үе үеийн захирлуудтай баг болон ажиллалаа. 2024 онд Бэрхийн уурхайн 70 жилийн ойн баярын үеэр музейн нээлт болсон.

Уул уурхайн туршлагатай, Монгол Улсын зөвлөх инженер хүний хувьд уул уурхайн салбарт нэн даруй засаж, сайжруулах ямар асуудал байна гэж Та харж байна вэ?

Монгол Улсад уул уурхайн зураг төсөл боловсруулах, ашиглах, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, хяналт тавих зэрэг системтэй цогц хууль, дүрэм журам байх ёстой. Жишээлбэл, сүүлийн үед далд уурхайн малталтуудын хөндлөн огтлолын талбайг тооцоолохдоо зөвшөөрөгдсөн эсэх нь ул мэдэгдэх олон янзын ном, бусад эх үүсвэр ашиглаж байна. Зарим тохиолдолд ингэж тодорхойлсон хөндлөн огтлолын талбай нь "Далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагад нийцэхгүй байгаа юм. Ер нь уул уурхайн болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ТЭЗҮ-ээр биш, ТЭЗҮ-д тулгуурлаж хийсэн зураг төслөөр хийх нь зүйтэй гэж үздэг.

Таны үндсэн мэргэжил "Газрын гүний барилга, байгууламж" гэсэн уул уурхайн чухал бөгөөд ховор мэргэжил. Энэ мэргэжлийн онцлог нь юу вэ?

Манай мэргэжлийн хүмүүс тухайн ордоос олборлолт явуулахын өмнө шаардлагатай газрын гүнд нэн тэргүүнд барьж байгуулах босоо ам, усан сан, агааржуулалтын байгууламж гэх мэт обьектууд болон уурхайн үндсэн малталтуудыг барьж байгуулах ажил хийдэг. Нэг үгээр уурхайд олборлолт явуулах хүртэл бух ажлыг хийнэ дээ. Мөн газрын гүнд барьж байгуулдаг цэрэг, иргэний хамгаалалтын зориулалтай байгууламжууд, туннель метро зэргийг манай мэргэжлийнхэн барьж байгуулдаг юм.

Ta сургууль төгсөж ирснээс хойш 35 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. Уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн хөдөлмөр, бүтээлийг тань төр, засгаас үнэлж, шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Гавьяат уурхайчин" хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн. Уул уурхайн салбарт тууштай, идэвх зүтгэлтэй ажилласан уурхайчин замналаа Та өнөөдөр хэрхэн дүгнэх вэ?

Монголын уул уурхайн салбарын 50 жилийн түүхтэй "Монголросцветмет" хэмээх энэ том байгууллагын 35 жилийн түүхийг нь бичилцэж явна. Би энэ байгууллагад 35 жил ажилласан гэж бахархахаас илүү надад ажиллах боломж олгосон, тэр боломжийг би алдаагүй, ашиглаж чадсандаа баярлан талархаж явна.

Цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.