Т.Бямбанаран
Мягмар гарагт /2025.02.25/ Хятадын кобальтын хувьцааны үнэ өссөн байна. Энэ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс гэнэт кобальтын экспортоо хязгаарласнаас үүдсэн хэрэг аж. Ингэснээр хайлш болон батарей үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг тус элементийн нийлүүлэлт ойрын хугацаанд багасах төлөвтэй болжээ.
“Nanjing Hanrui Cobalt Co” компанийн хувьцаа 17%-иар, “Zhejiang Huayou Cobalt Co” компанийнх 7.8%-иар тус тус нэмэгдэв. Харин Конгод хоёр том уурхай эзэмшдэг CMOC Group Ltd. компанийн хувьцаа Хонконгод 2%-иар буурсан байна.
Дэлхийд кобальтын олборлолтоор тэргүүлэгч Конго улс зах зээл дэх илүүдэл нийлүүлэлтийг хазаарлахын тулд кобальтын экспортоо дөрвөн сарын хугацаанд зогсоож байгаа ажээ. Засгийн газар зах зээлийг тэнцвэржүүлэх нэмэлт арга хэмжээ авахаа мэдэгдэв. Энэхүү мэдээ нь тус салбарын хувьд гэнэтийн үйл явдал болсон юм. Учир нь тус улс дэлхийн кобальтын олборлолтын ойролцоогоор дөрөвний гуравыг бүрдүүлдэг билээ.
Хятадын “CNGR Advanced Material Co” компанийн кобальтын худалдан авалт хариуцсан захирал хэлэхдээ, "Кобальтын үнийг тогтвортой байлгах урт хугацааны механизм хэрэгтэй болохоос биш экспортыг гэнэт зогсоох нь ханган нийлүүлэлтийн сүлжээнд эмх замбараагүй байдал үүсгэнэ" хэмээн Мягмар гарагт Шанхайд болсон “Fastmarkets” бага хурал дээр онцлов.
Африкийн энэ улсын кобальтын олборлолт сүүлийн жилүүдэд өссөн нь Хятадын CMOC группын өргөтгөлтэй холбоотой. Гэхдээ олборлолт нэмэгдэхийн хэрээр нийлүүлэлт ихэсч, үнэ буурсан байна. “Fastmarkets” агентлагийн мэдээлснээр кобальтын жишиг үнэ фунт тутамд 10 ам.доллараас доош унасан нь сүүлийн 21 жилийн хугацаанд ажиглагдаагүй үзэгдэл юм.
Тус элементийн экспортыг хязгаарлах энэхүү бодлого дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийг сард 20,000 тонноор бууруулж болзошгүй боловч хангалттай нөөц байгаа тул энэ хомсдолыг нөхөж чадна гэж зарим шинжээч үзэж байна.
Конго улсын бодлого дөрвөн сарын дараа хэрхэх нь тодорхойгүй байна. Гэвч энэхүү нөхцөл байдал Индонезийн компаниудад ашигтайгаар эргэх магадлалтай. Тус улс нь дэлхийн хоёр дахь том кобальт үйлдвэрлэгч юм.
Эх сурвалж: www.mining.com