Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан PDAC-2025 чуулга уулзалтад Монгол Улс амжилттай оролцлоо

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “PDAC-2025” уул уурхайн чуулга уулзалт энэ оны 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан тэргүүтэй төлөөлөгчид, Монголын уул уурхайн салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцсон юм.

Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг дэлхийн хөрөнгө оруулагчдад таниулах үүднээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж, уул уурхайн салбарын онцлох төслүүд, боломжуудыг танилцууллаа.

Энэ үеэр Сайд Ц.Туваан Канадын уул уурхайн ассоциацийн Дэд ерөнхийлөгч Бэн Чалмерс болон Канадын Экспорт Хөгжлийн Байгууллагын Ахлах дэд ерөнхийлөгч Свен Лист нартай уулзаж, санал солилцов. 

Мөн чуулганы үеэр Монголын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах зорилгоор “MONGOLIA DAY-2025” арга хэмжээг зохион байгууллаа. Ингэхдээ 200 гаруй хөрөнгө оруулагч, салбарын тэргүүлэгчид, бодлого тодорхойлогчдыг хамруулж, Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайдын урилгаар Канад улсын Олон улсын хөгжлийн сайд Ахмад Хуссен зочилж санал солилцлоо. Уулзалтын голлох сэдвүүд:

  • Эрх зүйн орчин ба бодлогын чиглэл – Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга
  • Уран ба эрчим хүчний шилжилт – Монгол Улсын ураны нөөц, дэлхийн эрчим хүчний зах зээл дэх стратегийн үүрэг
  • Алт болон үнэт металл – Монголын алтны томоохон төслүүд ба салбарын өсөлтийн хэтийн төлөв
  • Чухал ашигт малтмал болон газрын ховор элемент – Өндөр нэмүү өртөг шингээх боломж бүхий стратегийн чухал ашигт малтмал

Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын УИХ-ын төлөөлөгчид, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос болон МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар тус чуулганыг зохион байгуулагч Канадын хайгуулч, олборлогчдын холбооны Гүйцэтгэх захирал хатагтай Лиза Макдональд болон Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес, хөгжлийн дарга Грахам Даллас нартай тус тус уулзлаа.

Уулзалтаар Монголын тал “Уул уурхайн долоо хоног” (Mining Week) чуулганы талаар мэдээлэл солилцож, Монголын уул уурхайн салбар дэлхийн хариуцлагатай уул уурхайн тэргүүлэх санаачилга болох Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) хөтөлбөрт нэгдсэнээ албан ёсоор мэдэгдсэн байна. 

1932 оноос хойш 93 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалтад ойролцоогоор 135 орны 27,353 оролцогч нэг дор цуглаж, 1100 үзэсгэлэнгийн талбай ажиллаж, салбарын 700 орчим мэргэжилтэн оролцжээ.