Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар "Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалт өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд болсон билээ. Төр, засгийн удирдлага, салбарын мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлох, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцох чухал талбар болдог. Уран болон цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн зах зээлийн өнөөгийн байдал, Монгол Улсын ураны тогтоогдсон нөөц, геологийн хэтийн төлөвийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газрын дарга Б.Баатарцогт:
Дэлхийн ураны нөөцийн 95%-ийг 15 орон бүрдүүлж байна. Одоогоор ураны хүдрийн 15 төрлийн 4595 орд, илэрц бүртгэгдээд байна. Үүнээс 2187 нь элсэн чулуун ордын ангилалд хамаардаг. Ийм төрлийн ордуудын олборлолтын зардал бага байгаад зогсохгүй ашиглаж буй технологи нь байгаль орчинд нөлөө багатай гэдгээрээ онцлог. Дэлхийн хэмжээнд нийт олборлолтын 56%-ийг энэ төрлийн ордоос гарган авч байна.
Төмрийн хүдрээс бусад ашигт малтмалын геологи, хайгуулд 2024 онд дэлхий даяар 12.5 тэрбум ам.доллар зарцуулсан ба үүний ойролцоогоор 3% буюу 331 сая ам.долларын хөрөнгийг ураны хайгуулд зарцуулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 33%-иар (250 сая) өссөн үзүүлэлт юм. Уран болон цацраг идэвхт ашигт малтмалын ашиглаж буй ордуудаас 2022 онд нийт 49,355 тонн уран олборлосон гэх тоон үзүүлэлт бий.
Үүний 43%-ийг Казахстан улс дангаараа бүрдүүлж, энэ салбарт тэргүүлж байна. Удаах байранд Канад, Намиб, Австрали зэрэг улсууд багтсан. Канадын Cameco болон Orano группийн эзэмшдэг Cigar Lake далд уурхай нь ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг. Харин 2024 онд дээрх олборлолтын хэмжээ 60,300 тонн болж нэмэгдсэн байна.
Дэлхийн эрчим хүчний 36%-ийг нүүрснээс, 22%-ийг байгалийн хийнээс гарган авдаг бол 9%-ийг цөмийн эрчим хүч эзэлдэг. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын бага хурал буюу СОР-29-ийн үеэр улс орон бүр уур амьсгалын эсрэг тэмцэхийн тулд нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг шатах ашигт малтмалаас бүрмөсөн татгалзах, сэргээгдэх болон цөмийн эрчим хүчийг түлхүү ашиглах тохиролцоонд хүрсэн. Тэргүүлэх их гүрнүүд, тухайлбал, АНУ-д цөмийн эрчим хүчний 94 станц (ЦЭХС) ажиллаж байгаа бол БНФУ болон БНХАУ-д тус бүр 57 станц, ОХУ-д 36 станц бий.
Цөмийн эрчим хүч ашиглах асуудлаар 16 улс шийдвэр гаргах түвшинд байгаагийн нэг нь Монгол улс. Харин шийдвэр гаргалтын дараагийн үе шатанд Бангладеш, Египет, Гана тэргүүтэй 11 орон шилжжээ. Үүнээс гадна, энэ оны 2 дугаар сарын байдлаар дэлхийн 31 улсын хэмжээнд нийт 376 ГВт хүчин чадал бүхий 416 цөмийн реактор ажиллаж байгааг цухас дурдъя.
Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүчний салбарын өсөлтийг дэмжиж, ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ хэмээн тусгасан.
Монгол Улс нийт 192,241 тонн ураны нөөц бүхий 13 ордтой. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 11 дүгээр байрт эрэмбэлэгддэг. Тодруулбал, Дорнод, Гурванбулаг, Мардай, Нэмэр, Улаан, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар болон Далтын уурхайнуудыг нэрлэж болно.
Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувьд 2025 оны байдлаар хайгуулын 3, ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл олгоод байна. Одоогийн байдлаар дотоодын 2, гадаадын 4 аж ахуйн нэгжид нийт 8 тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол орны нутаг дэвсгэрийн 0.06%-ийг хамарсан талбай гэсэн үг.
Шинжээчдийн таамаглаж буйгаар 2025 оноос ураны эрэлт нь нийлүүлэлтээс давах ба 2035 оноос тус зах зээлд бүтээгдэхүүний хомсдол үүсэх хандлагатай байна. ЦЭХС-ын тоо, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр ураны эрэлт 2024-2035 он хүртэл 28%-иар өсөх төлөвтэй ажээ.
Ураны үнэ хэд хэдэн шалтгааны улмаас нэмэгдэх магадлалтай. Тухайлбал, дэлхий нийтээр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл рүү шилжиж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулахаар чармайж, урт хугацааны найдвартай эрчим хүчний эх үүсвэрт анхаарлаа хандуулах болсонтой уялдан ураны үнэ өснө. Түүнчлэн, Орос, Украины дайны улмаас эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал бий болж, цөмийн түлшний эрэлт нэмэгдсэн. Япон улс зогсоосон реакторуудаа дахин ажиллуулах шийдвэр гаргаснаас гадна Хятадын эрх баригчид цөмийн эрчим хүчний станц барих зорилтоо эрчимжүүлэхээр болсон билээ. Мөн "Казатомпром" компани хүхрийн хүчлийн нийлүүлэлтийн улмаас олборлолтоо багасгаад байна. Өөр нэг шалтгаан нь дэлхийн ураны олборлолтын 4%-ийг бүрдүүлэгч Нигер улсад төрийн эргэлт гарсан явдал билээ.
Энэ бүхнээс харвал, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн эсрэг тэмцэх зорилгоор цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, ашиглах талаар дэлхийн улсууд бодлогын хувьд нэгдэн "ногоон эрчим хүч" хэмээн зарлаад байна. Монгол Улс ураны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд цаашид цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлд олборлогч орон болж, экспортын бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлснээр эрдэс баялаг, уул уурхайн салбараа солонгоруулах бүрэн боломжтой.
Дэлхийн зах зээл дээр ураны үнэ 2020-2024 онд 270%-иар өсөхийн зэрэгцээ ураны геологи хайгуулын хэмжээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа тул Монгол Улсын өнөөгийн тогтоогдсон цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийн хэмжээг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. Ураны тогтоогдсон нөөц, геологийн хэтийн төлөвийн хувьд өрсөлдөхүйц байдлаа ашиглаж, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй.