The Mongolian Mining Journal 2025.03
А.Халиун
2025 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах, түүнээс улбаалан манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайн, муу аль тал руу эргэхийг өнөөдөр таамаглах аргагүй болоод байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан тарифын бодлого, хөрш орнууд болон бизнесийн гол түншийн урмыг хугалж буй өндөр дүнтэй татварууд нь манай экспортын гол зах зээл Хятадын эдийн засгаар дамжин эргээд Монголд ямар доргилт авчрахыг урьдчилан тооцоолох боломжгүй цаг үе ирлээ.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар “бүсээ чангалж” эхлэв. 2024 оны II дугаар хагасаас эхлэн нүүрсний үнэ унасаар, 2025 оны эхний 2 сарын байдлаар ханш мөн үеийнхээс 40% суларч, 80-90 ам.долларт хэлбэлзэж байна. Дээр нь худалдан авалт ч тааруу байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн орлого, зарлагыг 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2% байхаар тооцож, анх удаа алдагдалгүй төсөв баталсан. Сангийн яамнаас 2025 оны төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт /2025.03.12/ танилцуулжээ. Хэдийгээр экспортын гол түүхий эд нүүрсний үнэ унасан, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа өмнөх оны мөн үеийнхээс 5 дахин буурсан зэрэг таагүй мэдээтэй ч оны эхний 2 сард төсвийн үзүүлэлт тийм ч муугүй байгааг Сангийн сайд онцлов.
Учир нь, оны эхний 2 сард 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснөөс 11.2 саяыг гаргажээ. Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн төлөвлөгөө 4.2 их наядаар биелсэн буюу гүйцэтгэл 95%-тай, хэвийн байна. Төсвийн гүйцэтгэл хэвийн, орлого зарлага төлөвлөсний дагуу явж байна гэсэн үг.
2025 он гарсаар нүүрсний үнэ унаж байгаа нь болгоомжлол төрүүлж, төсөвт тодотгол хийх нь үү гэсэн хүлээлт дагуулав. Гэвч Сангийн сайд, “Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрээгүй. Төсвийн тухай хуульд төсвийн алдагдал ДНБ-ий 3%-иас давбал /3 их наяд төгрөг/ тодотгол хийнэ гэж заасан. Хуульд заасан ийм эрсдэлт байдалд хүрээгүй, хүрэхгүйн тулд Засгийн газар ажиллаж байна” гэлээ.
Тиймээс Засгийн газраас экспортыг богино хугацаанд тогтворжуулах, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум орчим доллар байгааг богино хугацаанд буюу ирэх 4, 5 дугаар сард 5.5 тэрбум долларт хүргэх зорилт тавьжээ. Валютын нөөцийн дээд хэмжээ 5.4 тэрбум долларт хүрч байсныг давуулж, нөөцийг импортын 6 сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Сангийн сайдын мэдээлснээр, урд хилийн Шивээхүрэн, Гашуунсухайт, Булган, Ханги боомтод нийт 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн ба овоолгыг хөдөлгөж цааш нь тээвэрлэхээс нааш Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр арилжаа хийх боломжгүй байгаа аж. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бодлогоосоо ухрахгүй. Нүүрсний тэрхүү овоолгыг хэрхэн хөдөлгөх нь Ажлын хэсгийнхний хийх эхний алхам бөгөөд үүний тулд эхний ээлжинд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах журам, цаашилбал Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах шинэчилсэн журмыг баталж, 3 дугаар сарын 19-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэв. /Журамд ямар өөрчлөлт орсныг Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний ярилцлагаас уншина уу./
Журам шинэчлэгдсэнээр биржийн арилжаа сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа Сангийн сайд болон Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нар хэлж байна. Одоо Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульдаа арилжааг идэвхжүүлэх чиглэлийн сайжруулалт хийх нь салбарын яам, Засгийн газрын зорилтын ойрын төлөвлөгөөнд буй.
Нүүрсний борлуулалтын орлого буурч байгаа нь Засгийн газар, төсөв мөнгөний бодлого тодорхойлогчдын санаа зовних асуудал. Гэвч Сангийн сайд нэг зүйлд тэгтэл их зовохгүй байгаагаа хэлэв. Юунд тэр вэ? Хятадад эрэлт буурч, манайхаас авах нүүрсний хэрэгцээ багасах вий гэх эргэлзээ үгүй бололтой.
“Хятад улс жилд 4 тэрбум гаруй тонн нүүрсний эрэлт хэрэгцээтэй. Гэтэл манай улс 100 сая тонн ч хүрэхгүй 85 сая тонныг л гаргахаар төлөвлөсөн. Хятадад эрэлт буурлаа гэхэд 5%-иас хэтрэхгүй” гэж Сангийн сайдын хэлсэн нь тайвшруулах тактик төдий биш болов уу. Харин Биржийн арилжаа бараг 5 дахин, хил дээрх нүүрс татан авалт 40-50% буурсан нь л бодлого боловсруулагчдын толгойн өвчин болжээ. “Өвчний онош” тодорхой тул тунг тохируулан эмчлэх нь Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийнхний үүрэг.
Сангийн сайд Б.Жавхлан "Олон улсад гарч буй гэнэтийн шийдвэр, геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэс, жоншны үнэ өсөж, төмрийн хүдрийн үнэ тогтвортой байна. Гол түүхий эдийн үнэ бидний тооцоолсноос ч өндөр байна. Бид энэ жил алтыг 1,850 ам.доллараар тооцсон бол одоо 3,000 ам.долларт хүрсэн. Зэсийг 7,500 ам.доллараар тооцсон бол бараг 10,000 хүрлээ.
Иймд жилийн эхний хагаст орлогоос хамаарсан төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэхгүй. Харин экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авна" хэмээн мэдэгдэж байв. Тиймээс энэ оны II хагаст эдийн засгийн нөхцөл ямар байхыг тодорхойлж хэлэхэд эрт байна. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй тул Засгийн газар эхний хагас жилд бүх боломжуудаа дайчлахаар шийджээ.
Бодит болгоомжлол бий тул импортын 6 сарын хэрэгцээг хангах хэмжээний валютын нөөц бүрдүүлэх зорилго тавьжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-д Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарах хатуу үүрэг өгсөн байна. Тус компани 2025 онд 3.8 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөсөн бол экспортын орлогоо 557 саяас 1 тэрбум доллараар нэмэгдүүлэх нэмэлт үүрэг авлаа. Засгаас авсан үүрэг чиглэлийн дагуу харьяа төрийн өмчит компаниуд валютын нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө группээрээ зүтгэхээр боллоо.
Мөн 2025 онд төсвийн хөрөнгөөр шинээр эхлэх хөрөнгө оруулалтуудыг эхний хагас жилдээ бүрэн зогсоохоор шийдвэрлэжээ. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд хийх 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт, үүнийг дагалдах 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зардлаа 2026 он хүртэл татахаар болов. Мөн борлуулалтаас үл хамаарч валютын нөөцийг 100-гаад сая ам.доллараар нэмэгдүүлж, хувь нэмэр оруулахаа компанийн удирдлагууд илэрхийлжээ.
Хуучнаар “Монголросцветмет” нэгдэл буюу “Эрдэнэс критикал минералс” компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон компаниуд улсын төсөв, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нэмэлт даалгавруудыг хүлээн авчээ. Засгийн газар орлого нэмэгдүүлэхээр шийдвэртэй алхмуудыг эхлүүлсэн нь энэ.
Хөрөнгө оруулалт нөгөө талдаа импортыг нэмэгдүүлдэг. Тиймээс хөрөнгө оруулалтыг хязгаарлах замаар 2025 оны эхний хагас жилд валютын гарах урсгалыг зогсоох нь эрсдэлийг тооцсон Засгийн газрын гаргасан шийдэмгий алхам байж болох юм.