Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Сэргээгдэх эрчим хүч 2024 онд дэлхийн эрчим хүчний 32%-ийг эзэлжээ

Ч.Сансар

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь өнгөрсөн онд дэлхийн нийт эрчим хүчний эрэлтийн 32%-ийг хангасан гэж эрчим хүчний судалгааны төв Ember Мягмар гарагт мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын ногдуулсан тарифын улмаас үүссэн худалдааны дайн нь эрчим хүчний аюулгүй байдлыг улам дордуулж, сэргээгдэх эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм.

Тарифын бодлого нь эрчим хүчний салбар, хөрөнгийн зах зээлийг уналтад оруулж, дэлхийн эдийн засгийн хямрал үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлэв.

Энэ онд тариф цахилгаан эрчим хүчний эрэлтэд нөлөөлөх эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа. Харин сэргээгдэх эрчим хүчний салбарт энэ нь ашигтай байх боломжтой гэж Ember төвийн шинжээч Грэм Ройтерс агентлагт ярьжээ.

"Улс орнууд өөрсдийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдалдаа илүү анхаардаг болсон. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчийг эх орондоо хөгжүүлэх сонирхол улам нэмэгдэнэ гэсэн үг" гэж тэрбээр нэмж хэллээ.

2024 онд салхи, ус, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өсөж, дэлхийн цахилгаан эрчим хүчний 30%-иас илүүг эзэлж, шинэ дээд амжилт тогтоолоо.

"Геополитик, эдийн засгийн асуудлуудыг үл харгалзан сэргээгдэх эрчим хүчний салбар өнгөрсөн жил системд 858 ТВт цахилгаан эрчим хүч нэмж нийлүүлсэн. Энэ нь Их Британи, Францын нэг жилийн цахилгааны хэрэглээнээс их тоо" гэж Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний холбооны гүйцэтгэх захирал Брюс Дуглас мэдэгдлээ.

Хиймэл оюун ухаан, дата төв, цахилгаан автомашин, дулааны насос зэрэг цахилгааны хэрэглээ нь өнгөрсөн онд дэлхийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг 0.7%-иар нэмэгдүүлсэн гэж тайланд дурджээ.

2024 онд болсон хэт их дулаарлын улмаас хөргөх хэрэгцээ нэмэгдэж, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 0.7%-иар (208 ТВт/цаг) өссөн.

2024 онд хийн цахилгаан станцууд дэлхийн цахилгаан эрчим хүчний 22%-ийг бүрдүүлсэн. Нүүрс нь эрчим хүчний хамгийн том эх үүсвэр хэвээрээ байгаа бөгөөд 2024 онд эзлэх хувь нь 2023 оноос (36%) бага зэрэг буурч 34% хүрсэн. Цөмийн эрчим хүчний эзлэх хувь 2023 оны 9.1%-иас бага зэрэг буурч, 9% болсон.

Эх сурвалж: reuters.com