Ч.Сансар
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер, эдийн засагч, судлаач Н.Дорждарь “Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд” судалгааны үр дүнг 4 дүгээр сарын 15-нд танилцуулав.
Зэсийн асар их нөөцтэй Монгол Улсын хувьд зэсийн баяжмалыг боловсруулан, баяжуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашлаад дэлхийн эрдсийн зах зээлд чухал тоглогчийн байр суурь эзлэх том боломжтой. Тухайлбал, Монгол Улс нь зэсийн баялаг, нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт ордог.
2050 он гэхэд дэлхийн зэсийн эрэлт өнөөгийн түвшнээс 1.6 дахин өсөж, тэг ялгаруулалтын хувилбарт тооцоолсноор ойролцоогоор 40 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Монгол Улсын Засгийн газар олон жилийн турш зэсийн олборлолт хийж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн стратегийн үндсэн тулгуур болгож ирсэн. “Алсын хараа-2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд зэрэг урт, дунд хугацааны бодлогын бүх чухал баримт бичигт хариуцлагатай уул уурхай, зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг бий болгох зэрэг зорилтуудыг нэн тэргүүнд тавьж ирсэн.
Зэсийн салбараа дараагийн түвшинд гаргахад олон хүчин зүйлс саад болсоор байна. Жишээ нь, зохицуулалт тодорхой бус, тогтворгүй бодлого, хайгуулын ажил үндсэндээ зогссон, дэд бүтцийн асуудлуудаа шийдэхгүй цаг их алддаг, өндөр өртөгтэй санхүүжилт, сул засаглал зэрэг бэрхшээлүүд бий. Эдгээрээс үүдэн Монгол Улс уул уурхай, эдийн засгаа хөгжүүлэх боломжоо алдах эрсдэлтэй тулгарч байна.
Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь
Монгол Улс дийлэнх зэсээ баяжмал хэлбэрээр экспортолдог. Одоогоор зөвхөн хоёр уурхай, “Эрдэнэт” үйлдвэр болон Оюу Толгой, зэсийн баяжмал үйлдвэрлэж, Хятадад экспортолдог. Нөөц ашигласны төлбөр болон татварын бодлого уул уурхайн шинэ төслүүдэд нэлээд дарамт учруулж, хэрэгжилтийг хойшлуулахад хүргэдэг.
Монгол Улсын хувьд зах зээлийн тааламжгүй нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсийн улмаас зэс боловсруулах төслүүд санхүүгийн хувьд үр ашиггүй болох эрсдэл бий.
Дараагийн асуудал бол бусад салбартай харилцан уялдаатай ажиллах явдал юм. Үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд элементийн хүхрийн үйлдвэр, нуруулдан уусгах (SX-EW) технологийн үйлдвэрлэл болон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төслүүдийн зардал, үр ашиг болон дотоодын эдийн засгийн уялдаа холбоог нарийвчлан үнэлж, бодлогын шийдвэрт тусгах шаардлагатай.