Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Улаан нуур”-ын орд дэлхийн хэмжээний хийн үйлдвэрлэгч болох боломжтой

Credits: Jade Gas

Т.Бямбанаран

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings Limited” компани Өмнөговь аймагт орших “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн ордод өрөмдлөг хийж амжилттай дуусгалаа. Тус компани ойрын хугацаанд арилжааны зориулалтаар үйлдвэрлэл эхлүүлэх боломж бий эсэхийг байгалийн шахсан хийн (CNG) төслөөр дамжуулан судалж байна.

Баасан гарагт тэд хоёр дахь цооногийн хэвтээ өрөмдлөгийг амжилттай гүйцэтгэж, 800 метрээс урт нүүрсний давхаргыг нээсэн гэж мэдээлжээ. Ингэснээр нийтдээ 1,500 метрийн хий агуулсан нүүрс илэрчээ.

Одоогоор хоёр цооногийг үйлдвэрлэлд бэлтгэж байгаа бөгөөд 3–4 долоо хоногийн дотор ашиглалтад оруулах төлөвтэй байна. Хийн хэмжигч ба өрмийн шаварт хийсэн шинжилгээгээр хоёр дахь цооногоос илэрсэн хийн хэмжээ нь эхнийхээс илүү өндөр гарсан ажээ.

“Jade Gas” компани ойрын хугацаанд байгалийн хийг арилжааны зориулалтаар ашиглахын тулд бүрэн тоноглогдсон байгалийн шахсан хий үйлдвэрлэх төхөөрөмж нийлүүлэгч компанитай гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

CNG буюу шахсан байгалийн хий гэдэг нь дотоод шаталтын хөдөлгүүрийн түлш болон ахуйн хэрэгцээнд зориулан шахаж бэлтгэсэн метан ихээр агуулсан байгалийн хийг хэлнэ. CNG төхөөрөмжүүд нь зөөвөрлөхөд хялбар бөгөөд хийг бага зэрэг боловсруулж, шууд зах зээлд борлуулах боломжтой хэлбэрт шилжүүлдэг. Энэ нь анхны хоёр цооногоос гарсан хийг ойр орчмын хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг нээж өгнө. Өмнөговь аймгийн ойр орчимд дизель түлшээр ажилладаг том оврын нүүрс тээврийн машинууд их бөгөөд байгалийн хий нь эдгээрийг орлох, цэвэр, найдвартай түлш болох боломжтой гэж тус компани мэдэгджээ.

Улаан нуурын ордын хоёр дахь цооногийг нийт 1,507 метрийн гүн хүртэл өрөмдөж, үүнээс 902 метр нь хэвтээ хэсэг байв. Энэ хэвтээ хэсгийн 802 метрт нь нүүрс агуулсан давхарга таарч, нийт өрөмдсөн хэсгийн 88.9 хувийг “цэвэр нүүрс” буюу хий гаргах боломжтой хэсэг эзэлж байна.

Одоогийн байдлаар тус компани хоёр цооногийн ажлыг бүрэн дуусгаж, туршилтын шатанд оруулахад төвлөрч байгаа аж. Насос болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулсны дараа ус болон хий хэрхэн урсаж байгааг шалгаж, Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн (ТТ CBM) төслийн төлөвлөгөөг цаашид улам нарийвчлан боловсруулах юм байна.

ТТ CBM төсөл нь 246 тэрбум шоо фут байгалийн хийн батлагдаагүй нөөцтэй гэж тооцоолжээ.

"Өрөмдлөгийн үр дүнгээр Улаан нуурын талбай нь ирээдүйд дэлхийн хэмжээний хийн үйлдвэрлэгч болох боломжтойг харуулж байна. Эхний хоёр цооногоо бүрэн дуусгаж, аль болох хурдан ашиглалтад оруулахаар ажиллаж байна" хэмээн Jade компанийн гүйцэтгэх захирал Дэннис Мортон хэллээ.

Түүнчлэн тэрээр, Тавантолгойн нүүрсний сав газар нь эрчим хүчний эрэлт өндөртэй бүс нутагт оршдог бөгөөд цахилгаан, хөдөлгүүрийн түлш болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих суурь эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай газарт нэн тохиромжтой. CNG нь нүүрс тээвэрлэх ачааны машины дизель түлшийг орлох боломжтой бүтээгдэхүүн гэж онцоллоо.

Jade компани өнгөрсөн жил “Yan’an Drilling Wellking Energy Technology Service” компанитай хамтран Улаан нуурын нүүрсний давхаргын метан ордыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлжээ.