Т.Бямбанаран
Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Комацу компанийн ашиг энэ санхүүгийн жилд 27%-иар буурах магадлалтай гэж Даваа гарагт мэдэгдлээ. Иений ханш чангарч, АНУ шинэ тарифууд ноогдуулж буй явдал үүнд нөлөөлсөн аж. Тарифын улмаас тус компанид 650 сая ам.доллароос их хэмжээний нэмэлт зардал үүсэхээр байна.
Комацугийн энэ жил олох ашиг нь 478 тэрбум иен (ойролцоогоор 3.33 тэрбум ам.доллар) байх төлөвтэй юм. Харин өнгөрсөн жил компанийн ашиг 657.1 тэрбум иен байсан билээ.
2024-2025 оны хооронд Комацугийн борлуулалт сайн байсан нь голчлон уул уурхайн тоног төхөөрөмжтэй холбоотой. Энэ нь шинжээчдийн таамагласан ашгаас давсан дүн байлаа.
Комацугийн нийт орлого 4.1 их наяд иен, цэвэр ашиг нь 439.6 тэрбум иен хүрч, гурван жил дараалан түүхэн амжилт тогтоожээ.
Комацугийн гүйцэтгэх захирал Такүя Имайоши хэлэхдээ, "Бид тарифын асуудлаар аль хэдийн шуурхай арга хэмжээ авч эхэлсэн. Японоос Канад руу экспорт хийхдээ АНУ-ыг тойрч өнгөрдөг болсон. Мөн нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөх эсвэл дунд хугацааны шийдлүүдийг бодож байна. Тарифын бодлогын хариуд АНУ-д зарах барааны үнийг өсгөх тухай ч ярьж байгаа" гэж хэлжээ.
Комацу нь “Caterpillar” компанийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч юм. Тэд бүтээгдхүүнийхээ дөрөвний нэгээс илүүг Хойд Америкт нийлүүлдэг тул АНУ-ын худалдааны бодлого шууд нөлөөлдөг байна.
Иений ханш чангарснаас үүдэн ашиг нь 133 тэрбум иениэр буурахаар байна гэж тус компани мэдэгджээ.
(1 ам.доллар = 143.42 иен)
Эх сурвалж: reuters.com