Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг.
Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордын зөвшөөрлийг хууль бусаар олгохыг зогсоож байна. Уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж гэрээ хийнэ. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа.
Жишээлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл орд буюу "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдэнийн" гэсэн компаниудын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцээрийн явцтай танилцсан. Засгийн газрын шийдвэрээр ирэх өдрүүдэд бид Баялгийн сангийн хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж дуусгана.
Өнгөрсөн хугацаанд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өөрийн овоолго буюу үүсмэл ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсныг Засгийн газрын тогтоолоор зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон. Хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, тэнцсэн компани нь гэрээ байгуулж, төрийн эзэмшлийн 34 хувийг Баялгийн сандаа хуримтлуулан ашиглалтын болон бусад төлбөрөө тухайн үйлдвэрт төлнө.