Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ, БНХАУ харилцан тарифыг бууруулахаар тохиролцож, худалдааны дайн зөөлрөв

П.Жаргалсүрэн

2025 оны 5-р сарын 12 – Дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэнэтийн мэдэгдлээр АНУ болон БНХАУ худалдааны тарифыг харилцан 90 хоногийн хугацаанд огцом бууруулахаар тохиролцлоо. Энэхүү шийдвэр нь хоёр улсын хооронд үргэлжилж байсан ширүүн худалдааны дайн зөөлрөх эхлэлийг тавьж, дэлхийн санхүүгийн зах зээлд эерэг өөрчлөлт авчрав.

Талуудын хамтарсан мэдэгдэлд “урт хугацааны, харилцан ашигтай, тогтвортой эдийн засаг, худалдааны харилцааг чухалчилж байгаагаа” онцолсон бөгөөд энэ тохиролцоонд хүрэхийн тулд тэд амралтын өдрүүдэд Швейцар улсын Женев хотноо олон цагийн хэлэлцээр хийжээ.

Шинэ тохиролцооны дагуу:

  • АНУ Хятадын бараанд ногдуулж буй нийт тарифыг 145%-иас 30% болгон бууруулна.

  • Хятад улс Америкийн бараанд ногдуулж буй тарифыг 125%-иас 10% болгон бууруулна.

  • Энэ тарифын бууралт 2025 оны 5-р сарын 14-нөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

  • Гэсэн ч АНУ-ын фентанилтай холбоотой 20 хувийн онцгой тариф хэвээр үлдэнэ.

Мөн Хятад улс АНУ-ын эсрэг хэрэгжүүлж байсан тарифын бус хариу арга хэмжээнүүдийг түр зогсоох буюу цуцлахаар болсон. Үүнд ховор элементүүдийн экспортын хязгаарлалт, АНУ-ын компаниудад тавьсан арга хэмжээ, шалгалтууд хамаарч байна.

Энэхүү шийдвэр дэлхийн хөрөнгийн зах зээлд шууд эерэгээр нөлөөлсөн бөгөөд АНУ-ын доллар ч бусад томоохон валютын эсрэг чангарсан байна.

Wedbush Securities компанийн шинжээч Дэн Айвс уг тохиролцоог “хамгийн сайн хувилбар” хэмээн нэрлэж, энэ нь илүү өргөн хүрээтэй хэлэлцээрүүдийн эхлэл болохыг тэмдэглэжээ. Талуудын харилцан алхмууд цаашид улам гүнзгийрч, худалдааны бүрэн шинэ гэрээ байгуулагдах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

 

Эх сурвалж: cnn.com