“Атомын станцуудыг манай улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөө цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын стандартын дагуу, дэвшилтэт технологи ашиглан барина,” гэж Вьетнамын удирдагч То Лам Москвад айлчилсны дараа мэдэгдсэн байна.
Вьетнам улс эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэхийн тулд атомын цахилгаан станц барьж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.
Тус улсын Засгийн газар 6.4 ГВт хүртэл нийт хүчин чадалтай анхны атомын цахилгаан станцуудыг 2030-2035 оны хооронд ашиглалтад оруулна гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Харин энэ оны эхээр Засгийн газар нь Орос, Япон, Өмнөд Солонгос, Франц, АНУ зэрэг улсуудтай атомын цахилгаан станц барих асуудлаар ярилцана гэж мэдэгдсэн.
Үүнээс гадна Вьетнам Орос улстай газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллаж, Оросын түүхий нефть, шингэрүүлсэн байгалийн хийг Вьетнамд нийлүүлнэ. Мөн Орос, Вьетнам улсууд эрчим хүчний компаниудаа бие биенийхээ зах зээлд нэвтрэхэд нь туслах болно гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: reuters.com