БНЭУ-ын Засгийн газрын 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус улсын хөнгөлөлттэй зээлээр манай улсад хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажлын явцтай танилцлаа. Тус улсын засгийн газраас санхүүжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн хамгийн том нь болох ГТБҮ-ийн бүтээн байгуулалтын явцтай танилцах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, өргөтгөсөн хурал уулзалт хийхээр Дорноговь аймагт ажилласан байна.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд БНЭУ-ын Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга, санхүү эдийн засгийн зөвлөх Анураг Агарвал, БНЭУ-ын Сангийн яамны зөвлөх Апарна Бхати, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн яамны ОУ-ын хамтын ажиллагааны газрын Нарийн бичгийн дарга Еша Шривастава, тус улсын Экспорт-Импорт банкны Ерөнхий захирал Харша Бангари тэргүүтэй төлөөлөгч, Төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын төрийн өмчит “Engineers India Limited” компанийн Ерөнхий захирал Вартика Шуклагаар ахлуулсан удирдлагууд болон ГТБҮ-ийн Ерөнхий гүйцэтгэгч “Megha Engineering and Infrastructures Ltd” компанийн Ерөнхий захирал Кришна Редди тэргүүтэй удирдах албан тушаалтнууд багтаж байгаа аж.
Төслийн хэрэгжилтэд хяналт тавих, явцын өргөтгөсөн хуралд БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурве, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна. Төлөөлөгчид ГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож, үүрэг чиглэл өглөө.
Зээл олгогч улсын хувьд ГТБҮ нь амжилттай хэрэгжиж, зээлийг хугацаанд нь эргэн төлөх асуудал тус улсын засгийн газрын шийдвэр гаргагчид болон ЭКСИМ банкны хувьд нэн чухал асуудал учир Энэтхэгийн төр засгийн байгууллагууд онцгой анхаарал хандуулан дэмжсээр иржээ. Тиймдээ ч төсөл эхэлсэн цагаас өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, үе шат бүрд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн байна.
Энэхүү үйлдвэрийн төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм. Тус улсын хөнгөлөлтэй зээлээр гадаадын 60 гаруй оронд 300 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Харин манай улсад олгосон зээлийн хэмжээ нь нэг улс, нэг төсөлд зориулж буй хамгийн өндөр дүнтэй зээлд тооцогдох ажээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь технологийн 12 байгууламж бүхий томоохон төсөл. Эдгээрээс 7 нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд буюу “EPC-04” багцын ажлуудыг хамарч байна. Тус багц ажлын барилга угсралтын ажлыг энэ оны 5 дугаар сарын 14-нд эхлүүлжээ.
“EPC-04” багц ажлын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээг 2025 оны 2 дугаар сарын 6-нд байгуулж, БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructures Ltd” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар болсон билээ.
Дээрх багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудыг Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын лицензээр барина. Эдгээр компани өөр өөрсдийн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэж, бүрэн хүлээлгэж өгсөн тухай “МГТБҮ” ТӨХХК мэдэгдэж байна.
Эх сурвалж: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК