А.Халиун
Алтны зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
Олон улсын геополитикийн нөхцөл байдал, худалдааны тариф зэрэг болзошгүй эрсдэлийн улмаас дэлхийн эдийн засаг суларч, тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарч байна. Энэ цаг үед алтны үр нөлөө, өгөөж хэр байна вэ? Монголбанкны хувьд алтны нөөц бүрдүүлэлт ямар түвшинд байна вэ?
Алт бол аливаа улсын мөнгөн тэмдэгтийн баталгаа болохын зэрэгцээ, дэлхийн Төв банкуудын гадаад валютын нөөцөд голлох байр суурь эзэлдэг онцгой хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Төв банкууд валютын нөөцдөө алт эзэмших замаар активын бүтцийг төрөлжүүлж, төвлөрлийн эрсдэлийг бууруулдаг.
Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг удирдах үндсэн чиг үүргийн хүрээнд дотоодын зах зээлд олборлосон алтыг худалдан авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрт цэвэршүүлэн мөнгөжүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Мэдээж хэрэг олон улсын санхүүгийн зах зээл дээрх алтны ханш нь геополитикийн нөхцөл байдал, тэргүүлэх орнуудын мөнгөний бодлого, инфляц, эдийн засгийн орчин, зах зээлийн тодорхой бус байдал гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалан хэлбэлздэг. Энэ бүх хүчин зүйлсийг харгалзан үзсэн тооцооллын үндсэн дээр валютын нөөцөд эзлэх алтны оновчтой хувь хэмжээг тогтоож, батлагдсан. бүтцийн хүрээнд удирддаг.
Сүүлийн жилүүдэд Төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэх нийтлэг хандлагатай байна. 2021 онд дэлхийн Төв банкуудын алт худалдан авалт 473.3 тоннд хүрч нийт алтны эрэлтийн 11%-ийг эзэлж байсан бол 2022 онд 1082 тоннд хүрч огцом өссөн бөгөөд энэ нь нийт эрэлтийн 23%-ийг бүрдүүлсэн. Тэгвэл 2023 онд энэ тоо 1037 тонн болж, цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байна. Алтны нөөцийн хэмжээгээр АНУ дэлхийд тэргүүлдэг ба нийт 8133 тонн алтны нөөцтэй байна. Үүний дараа ХБНГУ (3355 тн), Итали (2451 тн), Франц (2437 тн) нөөцтэй бол БНХАУ сүүлийн жилүүдэд алтны худалдан авалтаа эрчимтэй нэмэгдүүлж, 2279 тонн нөөцтэйгөөр дэлхийд 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай улсын хувьд сүүлийн 5 жилд дунджаар 20 орчим тонн үнэт металл дотоодын зах зээлээс худалдан авч, жилд 900 орчим сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн.
Дэлхий дахинаа жилд хэчнээн тонн алт олборлож байна вэ?
Дэлхийн нийт алт олборлолт 2024 оны эцсийн дүнгээр 217 мянган тоннд хүрсэн. Үүний 45%-ийг үнэт эдлэл, 22%-ийг алтан гулдмай болон зоос, 17%-ийг Төв банкуудын нөөц бүрдүүлэлт эзэлж байна. Монгол Улсын хувьд алт олборлолт, Монголбанканд худалдсан алтны хэмжээ улирлын нөлөөллөөс хамааран хэлбэлздэг бөгөөд жил бүрийн 11 болон III дугаар улиралд алт тушаалт нэмэгдэх хандлагатай байдаг.
Он гарснаас хойш алтны ханш тасралтгүй өсөж байна. Дэлхийн Төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь алтны эрэлтийг улам өдөөж байна. Алтны ханшийн энэхүү өсөлт манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? Алтны экспортын биет хэмжээ болон орлого хэрхэн нэмэгдсэн бэ?
Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өндөр байгаа нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлж байна. Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг болох алтны үнэ өнгөрсөн сард унци тутамдаа 3100 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Дээр дурдсанчлан алтны үнийн өсөлт, бууралтад зах зээлийн олон хүчин зүйл нөлөөлдөг ч сүүлийн үед геополитикийн эрсдэл, зах зээлийн тодорхой бус байдал болон ам.долларын хүүний хүлээлт голчлон нөлөөлөх хандлагатай болсон.
2024 онд Ойрхи Дорнод болон ОХУ- Украины хооронд өрнөсөн зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн тодорхой бус байдлаас үүдэлтэй төлбөр тооцооны болон нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, мөн нөгөө талаас, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхэлсэнтэй холбоотойгоор ам.долларын бодит өгөөж буурах хүлээлт нэмэгдсэн. Мөн АНУ-ын тарифын бодлогын нөлөөгөөр зах зээлийн тодорхой бус байдал нэмэгдсэн.
Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ /тонн/
Манай улсын хувьд жилд дунджаар 20 орчим тонн үнэт металл худалдан авч гадаадад цэвэршүүлэн мөнгөжүүлдэг. Энэ нь экспортын орлогыг жилд дунджаар 900 орчим сая ам.доллароор нэмэгдүүлдэг. Манай улсын шороон ордын үлдэгдэл нөөц буурч байгаатай холбогдуулан алт тушаалт сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа хэдий ч нөгөөтээгүүр олон улсын зах зээл дээрх алтны үнэ ханш тасралтгүй өсөж байгаа тул нийт үнийн дүнгээрээ экспортын өсөлт тогтвортой хадгалагдахад чухал хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн дан ганц алтны экспорт гэлтгүй Оюу толгой уурхайн зэсийн баяжмал дахь алтны агууламжаар дамжуулан зэсийн баяжмалын экспортын өсөлтийг нэмэгдүүлэхэд мөн чухал хувь нэмэр оруулах юм.
Гадаад зах зээл дээр алтны ханш ийнхүү тасралтгүй өсөж буй шалтгаан нөхцөл юу вэ? Судалгааны байгууллагуудын тооцоолж буйгаар энэхүү өсөлт хэр удаан үргэлжлэх бол?
Алтны үнэ өсөж, буурахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа бүс нутгуудад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан, худалдааны нөхцөл байдлаас үүдэн тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь зах зээл дээрх энэхүү үнэт металлын эрэлт нэмэгдэж, үнэ ханш өсч, түүхэн дээд түвшнээ эвдэх боллоо. Алтны фьючерс хэлцлийн үнэ ч тогтмол өсөлттэй байгаа нь зах зээлд оролцогчдын хүлээлт эерэг байгааг илтгэж байна.
АНУ-аас худалдааны түнш орнууд руу чиглэсэн импортын тарифыг өсгөсөн нь инфляцыг хөөргөдөж, ам.долларын ханшийг сулруулах эрсдэлийг дагуулж байна. Иймд зах зээлд оролцогч хөрөнгө оруулагчид болон Төв банкууд инфляцын хэдж хэрэгсэл болох алтны нөөцөө өсгөх сонирхолтой болсон. Тоон мэдээллээс харахад Төв банкуудын нийт алтны нөөцийн хэмжээ 10%-иар нэмэгдэж, 21%-д хүрсэн бол гадаад валютын нөөцөд эзлэх ам.долларын хэмжээ 59%-иас 46% хүртэл буураад байна.
Олон улсын худалдааны нөхцөл байдлыг тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үеэр амлаж байсан тарифын бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Тус улсын худалдааны гол түнш улсууд болох Канад болон Мексик улсын эсрэг 25%- ийн тариф ногдуулаад байна. Мөн нийт импортын 15 орчим хувийг эзэлдэг БНХАУ- ын эсрэг нийт 145%-ийн тарифыг ногдуулах болсноо зарласан. Цаашид томоохон эдийн засагтай улс орнуудын хооронд худалдааны маргаан үүсэх нь олон улсын худалдаа, түүхий эдийн үнэ болоод эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүлээлт үүсгээд байна.
Шинээр тогтоосон эдгээр тариф нь урт хугацаандаа АНУ төдийгүй дэлхий нийтийг эдийн засаг, санхүүгийн хямрал руу түлхэж болзошгүй. Сүүлийн өдрүүдэд Европын холбоо болон Япон, БНСУ тэргүүтэй улс орнууд хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Стагфляцын эрсдэл нэмэгдэж байгаа одоогийн орчинд АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын томоохон 2 зорилт дэвшүүлсэн бөгөөд инфляц болон ажил эрхлэлтийн түвшний алийг давамгайлж сонгох нь ихээхэн анхаарал татаж байна. Бодлогын хүүг бууруулсан тохиолдолд алтны ханшид томоохон нөлөө үзүүлж болзошгүй юм. Мөн тус улсын Сангийн сайд Скотт Бессант хямрал болох магадлалыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд тодорхой хэмжээний бодлогын өөрчлөлт хийгдэж байгаа энэхүү нөхцөлд эдийн засгийн тохируулга зайлшгүй хийгдэх боломжтой гэдгээ мэдэгдсэн.
Олон улсын нэр хүнд бүхий JPMorgan банкны хувьд АНУ-Д хямрал болох магадлал 40% байгаа талаар мэдээлээд байна. Олон улсын худалдааны нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед Израиль-Хамас бүлэглэлийн зэвсэгт мөргөлдөөн дахин дэгдэж байгаа нь Ойрхи Дорнод бүс нутгийн нөхцөл байдлыг мөн хурцатгаж байна. Түүнчлэн АНУ-ын зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигаар Иемен дэх Хоути бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгч эхэлсэн нь нөхцөл байдлыг цаашид улам бүр муутгах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Мөн ОХУ-Украины хооронд тодорхой секторыг хамарсан гал зогсоох гэрээг байгуулахаар хэлэлцэж байгаа хэдий ч бүрэн хэмжээний гал зогсоох гэрээ ойрын хугацаанд байгуулагдах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал ажиглагдаж байна. Эдийн засаг, худалдаа, геополитикийн энэ бүх нөхцөл байдлыг харгалзан олон улсын хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагууд алтны үнийн өсөлтийг тогтвортой, өндөр түвшинд хэвээр хадгалагдана гэж тооцоолж байна. Олон улсын хөрөнгө оруулалтын орчны эрсдэл нэмэгдэж, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналттай байгаа энэ цаг үед найдвартай, ханшийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын нэмэгдлээ. үзэж хэрэгслийн эрэлт Шинжээчдийн алтны үнэ байгаагаар цаашид тогтвортой хадгалагдах таамаглалтай байна.
Эрдсийн зах зээлийн орчин тогтворгүй байгаа үед Монголын экспортын орлогын өсөлтийг хадгалах гол хүчин зүйл нь алт, зэсийн экспорт байлаа. Үнэ өссөн давуу талыг Засгийн газар, Төв банк, аж ахуйн нэгжүүд хэрхэн үр дүнтэй ашиглах боломжтой вэ?
Өнгөрсөн хугацаанд алтны үнэ олон улсын зах зээлд тогтмол чангарсантай холбоотойгоор энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Гэхдээ худалдааны дайн, Зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан гадаад зах зээл дээр эрчимжиж буй нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон ам.долларын ханшийн сулралын нөлөөллөөр богино хугацаанд түүхэн дээд хэмжээнд хүртэл өссөн алтны үнэ буцаад буух, тохируулга хийгдэх магадлалтайг үгүйсгэхгүй.
Монгол Улсын хувьд алтны шороон ордын үлдэгдэл нөөц багасаж байгаатай холбоотойгоор олборлолт буурч байгааг өмнө нь дурдсан. Монгол Улсын Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлж, алт болон гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх тал дээр чухал дэмжлэг болох Алт- 3 аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Олон улсын зах зээл дээр үнэ өссөн цаг үеийг ашиглаж, алтны олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн хүрээнд олборлолтыг дэмжих бодлогын зохицуулалтуудыг хийх шаардлагатай.
Монголбанкны зүгээс Алт-2 Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Коронавируст халдвар (КОВИД-19)- ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас шаардлагатай эх үүсвэрийг татаж, 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд нийт 505.5 тэрбум төгрөгийн урт болон богино хугацаатай хөнгөлөлттэй санхүүжилтийн үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон. Мөн Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Лондоны металлын захын хаалтын ханш дээр 5%-иар нэмэгдүүлсэн ханшаар дотоодын зах зээлээс үнэт металл худалдан авч байсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн 2020, 2021, 2022 онд Монголбанк 23.6 тонн, 20.8 тонн, 22.9 тонн үнэт металлыг тус тус худалдан авсан байна.
Монголбанкны зүгээс Алт-3 аян хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг хөтөлбөрт оролцогч талуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бодлогын өөрчлөлтийг Монголбанкны үнэт металл худалдаж авах үйл ажиллагааны журамд тусган ажиллах боломжтой.