Т.Бямбанаран
ОХУ-ын төрийн өмчит нефтийн компани болох “Роснефть” Сибирьд байрлах Томторын газрын ховор элементийн (ГХЭ) ордыг эзэмших болсноо зарлажээ.
Томторын орд нь тус улсын газрын ховор элементийн хамгийн том ордод тооцогдож байна. ГХЭ-ийг батлан хамгаалах болон дэвшилтэт технологийн салбарт өргөн хэрэглэдэг. Ийнхүү стратегийн ашигт малтмалын дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх нь тус улсын хувьд чухал зорилт юм. Хэрэв Украинд үргэлжилж буй зөрчилдөөнийг энхийн замаар шийдэж, гал зогсоовол АНУ-тай хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн нэг нь ГХЭ болох магадлалтай.
Игорь Сечиний удирдан явуулдаг “Роснефть” компани 5 дугаар сарын 20-ны өдөр Томторын ордын үйл ажиллагааг хариуцагч “Восток Инжиниринг” компанийн бүх хувьцааг эзэмшихээр болжээ.
Оросын Алс Дорнод, Арктикийн Хөгжлийн яамны мэдээлснээр тэрхүү орд нь ойролцоогоор 154 сая тонн хүдрийн нөөцтэй бөгөөд монацит, пирохлор зэрэг ховор эрдсээс гадна ниоби, сканди тэргүүтэй нэн чухал элементийн агууламжтай.
Өмнө нь Ерөнхийлөгч Путин Томторын ордыг ашиглах ажил удааширч байгаад шүүмжлэлтэй хандаж байсан билээ. Өнгөрсөн 11 дүгээр сард уг төслийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх, эсвэл төрийн дэмжлэгээр урагшлуулах чиглэл өгч байв. Гэвч 2022 онд Орос улс Украинд халдсаны дараа өрнөдийн орнуудын тавьсан хориг арга хэмжээнүүдийн улмаас төслийн хэрэгжилт саарч, орд газрыг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг импортлох боломж хязгаарлагдсан.
Дайны өмнөхөн Орос улс 2030 он гэхэд газрын ховор элементийн үйлдвэрлэлээр Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт бичигдэх томоохон зорилго дэвшүүлж, 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байлаа. АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээллээс үзвэл одоогийн байдлаар Орос улс ГХЭ-ийн 3.8 сая тонны нөөцтэй ба дэлхийд тавдугаарт жагсаж байна. Харин Хятад, Бразил, Энэтхэг, Австрали улсууд тэргүүлжээ. Орос улс ирэх таван жилийн хугацаанд тус салбарын 12%-ийг эзлэх зорилго өвөртлөн хүчин чармайлт гаргасаар байна.
“Роснефть”-ийн дээрх алхам нь критикал минералд хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа төрөлжүүлэх дэлхийн жишиг, ерөнхий хандлагыг дагаж буй хэрэг. “ExxonMobil” компани 2023 онд АНУ-ын өмнөд хэсэгт давсны уусмалаас литийг шууд олборлох буюу “DLE” технологийг ашиглан литий гарган авах төлөвлөгөөг анх зарлаж, салхийг хагалсан юм. Мөн АНУ-ын эрчим хүчний корпорац “Chevron” болон “Occidental” гэх компаниуд литийн төслүүдэд сонирхлоо илэрхийлсээр байна.
Засгийн газрууд ч зах зээлийн энэхүү чиг хандлагыг дагаж байна. Тухайлбал, Саудын Араб Энэтхэгийн “Vedanta”, Хятадын “Zijin Group” зэрэг нөлөө бүхий компаниудтай уул уурхайн чиглэлийн олон гэрээг үзэглэжээ. Үүгээр зогсохгүй литийн олборлолтыг нэмэгдүүлэх хамтарсан төсөл эхлүүлээд байна.
Эх сурвалж: mining.com