Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг өчигдөр /2025.06.15/ хоёр улсын хилийн шугам дээр хоёр талаас баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг хийснээр албан ёсоор эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулан, Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.
Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Зам тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулан, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолыг хятадын талтай хамтран зохион байгуулсан билээ.
Хил дамнасан төмөр зам нь инженерчлэлийн төвөгшил ихтэй, хилийн бүс дотор хийгдэж байгаа зэрэг нь барилгын ажилд нилээд олон бэрхшээл, сорилттой байх хэдий ч 22 сарын дотор дуусгаж төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлнэ.