Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад Улс коксжих нүүрсний худалдаанд шинэ гарц нээлээ

Индонезийн Сулавеси мужийн зах зээлд 5 дугаар сард Хятад улс анх удаа шахуу коксжих нүүрс нийлүүлсэн нь анхаарал татаж байна. Учир нь тэрхүү зах зээлд ихэнхдээ Австрали болон Индонезийн дотоодын нийлүүлэгчдийн ноёрхож ирсэн билээ.

Дэлхийн хамгийн том коксжих нүүрс импортлогч Хятад улс гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрсийг бараг экспортлодоггүй. Гэвч Хятадын гаалийн албаны сүүлийн саруудын мэдээллээр 2024 оны эхнээс хойш зөвхөн гурван удаа Индонез руу экспортолсон нь нэн ховор үзэгдэл болж байна.

Төрийн өмчит Шаньси Коксжих нүүрсний групп (Shanxi Coking Coal Group) 5 дугаар сард коксжих нүүрсийг Хятад дахь “Risun” группт зарж, энэ нүүрсийг дараа нь Индонез руу экспортолсон байна. “Risun” нь Индонезийн Сулавеси мужид байрлах хамгийн том кокс боловсруулах үйлдвэрүүдийн нэгийг эзэмшдэг байна.

Тус салбарын хараат бус зөвлөх Лоуренс Ян хэлэхдээ, Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлт эдийн засгийн үр ашигтай эсэхийг шалгах, Австрали зэрэг нийлүүлэгчдэд Индонезийн үйлдвэрүүд өөр сонголт, боломжтой гэдгийг харуулах зорилготой ажээ.

Гэсэн хэдий ч илүү өндөр өртөг болон ОХУ, Монгол зэрэг орнуудын нүүрсний нийлүүлэлт хүчтэй байгаагаас үүдэн уг худалдааны урсгал голлох байр суурь эзлэхгүй гэдгийг Лоуренс Ян онцолсон юм.

Хятадын гангийн үйлдвэрлэл аажмаар саарах тусам дотоодын коксжих нүүрсний хэрэглээ багасч, улмаар илүүдэл нөөцөө гадаад зах зээлд тогтмол нийлүүлэх бололцоо бүрдэж магадгүйг Хятадын “Winsway” худалдааны компанийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Хятад улс 4 дүгээр сард Индонез руу 78,030 тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн 7 дугаар сараас хойших анхны тээвэрлэлт бөгөөд 5 дугаар сарын статистик одоогоор гараагүй байна.

Эх сурвалж: reuters.com