О. Дөлгөөн
Ирэх 9 дүгээр сард нийлүүлэх зэсийн фьючерс үнэ Баасан гарагийн өглөө Нью-Йоркийн “Comex" зах зээл дээр 1%-иас дээш хэмжээгээр буурч, тонн нь 11,120 ам.долларт хүрээд байна.
АНУ импортын тариф тогтоохоос урьдчилан сэргийлж хийсэн худалдан авалт нь зэсийн зах зээлд үнийн хөөрөгдөл бий болгож, тус улсын болон Лондоны Металлын Бирж (LME)-ийн ханшийн хооронд ихээхэн зөрүү үүсгэжээ. Баасан гарагийн өглөө Лондон хотод болсон арилжааны үеэр LME дээрх 3 сарын гэрээт зэсийн үнэ тонн нь 9,887 ам.долларт хүрч өссөн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Чилийн “Antofagasta” компани болон зэс хайлуулах Хятадын зарим үйлдвэр зэсийн баяжмалыг төлбөргүй боловсруулах тухай тохиролцоонд хүрсэн байна. Хэдийгээр хайлуулах үйлдвэрүүд аль хэдийн алдагдалтай ажиллаж байгаа ч, үр дүн нь салбарын таамаглаж байснаас харьцангуй эерэг байжээ.
Энэхүү гэрээ нь “Antofagasta” компанийн 2026 оны зэсийн баяжмалын тал хувийг хамарч байгаа бөгөөд Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд томоохон давуу тал болж байна. Учир нь одоогийн зах зээлийн төлбөрүүд -43 ам.долларын түвшинд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ нь хайлуулах үйлдвэрүүд баяжмалаа боловсруулахын тулд зэс олборлогчдод төлбөр төлөх шаардлагатай гэсэн үг юм.
Лондон хотод төвтэй уул уурхай болон металл үйлдвэрлэлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын фирм болох “SP Angel” -ийн мэдээлснээр, БНХАУ-ын Засгийн газар эрчим хүчний зардлыг бууруулах тал дээр идэвхтэй ажиллаж байна. Энэхүү бодлого нь үйлдвэрүүдэд дэмжлэг болж, Хятадын компаниуд барууны өрсөлдөгчдөөсөө илүү хямд үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болжээ.
“Jiangxi Copper” болон “Tongling Nonferrous Metals Group” зэрэг хайлуулах үйлдвэрүүдээс Ази дахь LME-ийн агуулах руу ирэх хэдэн долоо хоногт 30,000 тонн орчим зэс хүргэхээр төлөвлөжээ. Мөн 10 орчим Хятадын хайлуулах үйлдвэр 40,000–50,000 тонн зэсийг LME-ийн нөөцөд нийлүүлэхээр бэлтгэж байгааг мэдээлжээ.
АНУ-аас бусад зах зээлийн нийлүүлэлт хумигдаж байгаатай холбогдуулан LME-ийн үнэ 2025 оны 8 дугаар сард 10,050 ам.доллар/тонн хүртэл өсөх төлөвтэй байна. Гэсэн ч 9 дүгээр сард АНУ 25%-ийн импортын татвар тогтоосны дараа үнэ дахин 10,000 ам.доллароос доош буурах хандлагатай байна гэж Goldman банк дүгнэжээ.
LME дэх зэсийн нөөц энэ жил 80%-иар буурч, дэлхийн нэг хоногийн хэрэглээнээс ч доош түвшинд хүрсэн нь үнэ огцом хэлбэлзэж, Хятадын зэсийн экспорт эрчимжихэд хүргэж байна.
2025 онд зэсийн үнэ маш их хэлбэлзэлтэй байсан ба 3 дугаар сарын сүүлчээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч 2 долоо хоногийн дараа 4 ам.доллар руу огцом унаж байсан. Гэсэн ч оны эхэн үеэс хойш 20%-иар өссөн хэвээр байна.
Эх сурвалж: mining.com