Ч. Сансар
Сибирийн Кемерово мужийн хамгийн том нүүрсний уурхайн нэг нь санхүүгийн хямралаас болж үйл ажиллагаагаа зогсоож, олон зуун ажилчид цалин, орлогогүй боллоо.
900 орчим ажилчинтай “Спиридоновская” уурхай санхүүжилт зогссоны улмаас 6 дугаар сарын эхээр хаагдсан гэж Интерфакс даваа гарагт мэдээлэв. Цалин, амралтын мөнгө, ажлаас халагдсаны тэтгэмж нь ойролцоогоор 90 сая рубль буюу 1.17 сая доллар болсон.
5 дугаар сарын сүүлчээр тус уурхайн удирдлагууд санхүүжилт багассан гэсэн шалтгаанаар 760 хүнийг ажлаас халахаа мэдэгдсэн. 6 дугаар сарын эцэст 120 орчим ажилтан сайн дураараа ажлаасаа гарсан.
Тус уурхайгаас ажил зогсохоос өмнө энэ оны эхээр 214,000 тонн нүүрс олборлосон бөгөөд одоо зөвхөн засвар үйлчилгээг хариуцсан 130 орчим ажилчин л үлдсэн.
Кемерово мужийн засгийн газрын тэргүүн, засаг даргын нэгдүгээр орлогч Андрей Панов баасан гарагт “Спиридоновская” уурхайн ажилчид сар гаруй хугацааны цалингаа авч чадахгүй байгааг хүлээн зөвшөөрлөө.
Тэрээр өмнө нь тус бүс нутгийн нүүрсний 151 аж ахуйн нэгжийн 20 нь дампуурлын ирмэг дээр ирсэн гэж мэдэгдэж байсан.
“Спиридоновская” нүүрсний уурхай 2023 онд 1.5 тэрбум рублийн (19.5 сая ам.доллар) орлого олсон ч 422 сая рублийн (5.5 сая ам.доллар) цэвэр алдагдал хүлээсэн. 2024 онд тус уурхайн орлого 2.2 тэрбум рубль (28.6 сая доллар) болж өссөн ч алдагдал нь дөрөв дахин нэмэгдэж, 1.8 тэрбум рубль (23.4 сая доллар) хүрчээ.
Кузбассын нүүрсний салбар томоохон хямралтай тулгарч байна. 2024 онд Кузбасст найман уурхай хаагдаж, 500 орчим ажилчин хэдэн сарын турш цалингаа аваагүй гэж Кемерово мужийн захирагч Илья Середюк хоёрдугаар сард мэдэгдсэн.
Бусад уурхайнуудад ажилчдын тоо мөн бас цөөрсөн. Зөвхөн “Инская” уурхайд гэхэд л 250 орчим ажилчин халагдсан гэж тус бүсийн нүүрсний сайд Олег Токарев нэгдүгээр сард мэдэгдсэн.
Кемерово муж буюу Кузбасс нь Оросын нүүрсний гол бүс нутаг юм. Энд Оросын чулуун нүүрсний бараг 60%, коксжих нүүрсний 80%, хамгийн сайн чанартай бүх нүүрсний 100%-ийг олборлодог.
Кузбассын нүүрсний салбарт 110,000 гаруй хүн ажилладаг бөгөөд энэ нь Оросын нийт нүүрсний салбарын 70 гаруй хувийг эзэлдэг юм.
Эх сурвалж: themoscowtimes.com