Ч. Сансар
Францын "Orano" компани лхагва гарагт Нигерийн засгийн газраас тавьсан экспортын хязгаарлалтын улмаас Нигертэй хамтран байгуулсан “SOMAIR” компани дампуурлын ирмэг дээр байгааг мэдэгдэв.
2024 онд Нигерийн эрх баригчид экспорт хориглосны дараа “Orano” компани үйлдвэрлэлээ зогсоохоос аргагүй байдалд орсон. Өнгөрсөн 12-р сард Нигерийн засгийн газар тус уурхайн үйл ажиллагааг бүрэн хяналтандаа авч, өнгөрсөн сард Засгийн газар уурхайг улсын өмч болгохыг зорьж байгааг зарласан. Баруун Африкийн бусад улс орнууд ч байгалийн баялгаа ийнхүү хяналтандаа авахыг зорьж байгаа билээ.
Алт, нүүрс экспортлодог Нигер улс нь ураны олборлолтоор дэлхийд долдугаар байранд ордог. “SOMAIR” компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед тус улс “Orano”-гийн ураны нийлүүлэлтийн 15 орчим хувийг бүрдүүлдэг байв.
Нигер улсын удирдлагууд үйлдвэрлэлээ ямар ч өртгөөр хамаагүй үргэлжлүүлэхийг шаардаж байгаа нь “SOMAIR”-ыг дампууралд хүргэсэн гэж “Орано” мэдэгдлээ.
2023 онд засгийн эрхийг авсны дараа Нигерийн хунтын дэглэм уурхайг улсын өмч болгох шийдвэр гаргахдаа “Orano” тус уурхайн дөнгөж 63%-ийг эзэмшдэг ч 1971 оноос хойш нийт олборлосон ураны 86.3%-ийг хянадаг гэж тайлбарлажээ.
Тус улсын уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Orano” хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж мэдэгдээд нигерчүүд уранаас ашгийг тэгш шударгаар хүртэхгүй байгаа гэжээ.
Ураны спот үнэ энэ оны байдлаар 7%-иар өсч, өнгөрсөн долоо хоногт нэг фунт нь 79 ам.долларт хүрч, долоон сарын дээд цэгтээ хүрчээ.
“Orano” компани хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдлээ. Харин дараагийн алхамаа тодорхойлсонгүй.
Хөрш Мали улсын цэргийн дэглэм нь Barrick компанийн Loulo-Gounkoto алтны уурхайг хяналтдаа авсан. Мөн Буркина Фасо, Гвиней улсууд барууны уул уурхайн компаниудаас авдаг ногдол ашгаа нэмэгдүүлэхийг шаардаж, Оростой түншлэх хандлагатай байна.
Эх сурвалж: reuters.com