Ч. Сансар
Европ руу экспортолдог Оросын байгалийн хийн хэмжээ сүүлийн 50 жилд байгаагүй доод түвшиндээ хүрчээ. Үүний улмаас төрийн өмчит Газпром компанийн борлуулж чадахгүй буй хийн хэмжээ нэмэгдэж, Кремлийн орлогын гол эх үүсвэр нь санхүүгийн асуудалтай тулгарлаа.
2025 оны 1-ээс 6-р сарын хооронд Газпром Европын худалдан авагчдад ердөө 8.33 тэрбум шоо метр хий нийлүүлсэн гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 47%-иар буурсан үзүүлэлт бөгөөд энэ онд ОХУ Европ руу 16 тэрбум шоо метрээс бага хий экспортлох магадлалтай гэсэн үг юм. Энэ нь Орос-Украины дайны өмнө буюу 2021 онд экспортолж байсан 175 тэрбум шоо метрээс асар их буурсан үзүүлэлт юм.
Орос улс 1970-аад оны эхэн үеэс хойш ийм бага хий Европ руу экспортлож байсангүй.
1975 он гэхэд ЗХУ жил бүр 19.3 тэрбум шоо метрийг Европ руу нийлүүлж байжээ. Ердөө таван жилийн дараа Баруун Германтай томоохон гэрээ байгуулсны дараа экспорт 54.8 тэрбум болж нэмэгдэв
Экспорт ийнхүү буурсан нь барууны хориг арга хэмжээ, улс төрийн хурцадмал байдал, Газпромын экспортын систем задарсантай холбоотой.
Хийгээ борлуулж чадахгүй байгаагийн улмаас Газпромд зарагдаагүй их хэмжээний хий үлдсэн. 2024 онд 416 тэрбум шоо метр олборлож, 355 тэрбумыг л борлуулж чадсан байна. 60 орчим тэрбум шоо метр нь зарагдаагүй үлдсэн нь Арабын Нэгдсэн Эмиратын бүтэн нэг жилийн олборлолттой тэнцүү юм.
Экспортын зах зээлээ өөрчлөх гэж оролдсон ч амжилтад хүрээгүй. “Сибирийн хүч” хоолой Европ руу экспортолдог хийн дөнгөж 20 орчим хувийг л Хятад руу нийлүүлж чадаж байна.
Хоёр дахь хоолойг барих яриа гацсан бөгөөд ОХУ-ын Ази руу экспортоо чиглүүлэх бодлого нь Москвагийн төсөөлж байснаас илүү төвөгтэй, цаг хугацаа шаардсан ажил болж хувирлаа.
Газпромын санхүүгийн байдал улам дордож байна. 2023 онд тус компани 8.2 тэрбум долларын алдагдал хүлээсэн. Хэдийгээр 2024 онд 15.6 тэрбум долларын ашигтай ажилласан ч, байгалийн хийн бизнес нь 13 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн.
Цаашид байдал улам хүндэрч болзошгүй. "Financial Times"-ын олж авсан "Газпром"-ын нууц тайланд хэрэв экспортын байдал сайжрахгүй бол ирэх арван жилийн хугацаанд нийт алдагдал 195 тэрбум долларт хүрнэ гэж мэдээлжээ.
Эх сурвалж: themoscowtimes.com