О. Дөлгөөн
Хятад улс хилийн чанад дахь уул уурхайн хөрөнгө оруулалтаараа сүүлийн арван жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, шинэ дээд амжилт тогтоолоо. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Хятад улс стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийг хангахаар зорьж байгаа нь энэхүү үйл явдлын гол шалтгаан болж байна.
2024 онд 100 сая ам.доллароос давсан 10 томоохон уул уурхайн хэлцэл хийгдсэн нь 2013 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Мөн “Griffith Asia Institute”-ийн судалгаагаар, өнгөрсөн жил Хятадын гадаад дахь уул уурхайн хөрөнгө оруулалт нь бүтээн байгуулалтын хувьд 2013 оноос хойш хамгийн идэвхтэй жил болсон байна.
Хятад улс олон жилийн турш стратегийн түүхий эдийн гол хэрэглэгч байсаар ирсний хувьд гадаадад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэвч энэ удаагийн давалгаа илүү тулгамдсан шинжтэй болохыг шинжээчид хэлсээр байна. Өөрөөр хэлбэл, Хятадын компаниуд Канад, АНУ зэрэг орнуудын улс төрийн эсэргүүцэл нэмэгдэж, боломжит үүд хаалга хаагдахаас өмнө гадаад дахь худалдан авалтаа эрчимжүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт “Zijin Mining” компани Казахстан дахь “Raygorodok” алтны ордыг 1.2 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсноо зарласан. Түүнчлэн энэ оны 4-р сард Хятадын “Baiyin Nonferrous Group” компани Бразил дахь зэс, алтны “Mineração Vale Verde” ордыг “Appian” компаниас 420 сая ам.доллароор худалдан авсан нь Хятадын уул уурхайн компаниуд стратегийн баялгийн төлөөх өрсөлдөөнд идэвхтэй оролцож буйн тод жишээ болж байна.
Хятад улс дэлхийн хэмжээнд лити, газрын ховор металл, кобальт зэрэг ашигт малтмалыг боловсруулах үйл ажиллагаанд ноёрхож буй ч түүхий эдийн импортоос өндөр хамааралтай хэвээр байна. Барууны орнууд эдгээр ашигт малтмал дээр Хятадаас хараат байдлаа бууруулахыг зорьж, цахилгаан автомашины батарей, салхин эрчим хүч, хагас дамжуулагч зэрэг стратегийн салбаруудад өөрийн гэсэн хангамжийн сүлжээг сэргээж эхэлжээ.
Алтны үнийн өсөлт нь Хятадын уул уурхайн салбарын гадаад дахь идэвхийг улам нэмэгдүүлж байна. Дэлхийн хамгийн том алт олборлогчийн нэг болох тус улсын компаниуд барууны өрсөлдөгчидтэй өрсөлдөхийн тулд гадаадын алтны орд газруудад эрчимтэй хөрөнгө оруулалт хийж байна.
Эдгээрийн дундаас хамгийн идэвхтэй нь “Chifeng Gold” компани бөгөөд энэ нь Хятадын төрийн өмчийн бус алтны салбарын хамгийн том төлөөлөгч юм. Тус компанийн алт олборлолт сүүлийн жилүүдэд огцом өсчээ. Тухайлбал, 2019 онд ердөө хоёр тонн байсан бол 2023 онд Хятадын таван уурхай болон Гана, Лаос дахь хоёр гадаад уурхайн нийлсэн олборлолт 15.2 тоннд хүрсэн байна.
Эх сурвалж: mining.com