Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын эрчим хүчний аварга компаниуд Индонезитэй 34 тэрбум долларын гэрээ байгуулна

Ч. Сансар

АНУ-ын ExxonMobil, Chevron, Индонезийн төрийн өмчит эрчим хүчний компани “Pertamina” болон хоёр улсын бусад компаниуд Даваа гарагт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Тус санамж бичгийн хүрээнд Индонези улс 34 тэрбум долларын түүхий эд худалдаж авна гэж Индонезийн албаны хүн Reuters агентлагт мэдээлэв.

Эрчим хүчний төслүүд, хөрөнгө оруулалтаас гадна Индонези АНУ-аас шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөн худалдаж авахаар тохиролцсон гэж Индонезийн Эдийн засгийн яамны ахлах ажилтан Пужо Сетио Reuters агентлагт ярьжээ.

ExxonMobil нь Индонезид 125 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд саяхан тус компани газрын тосны Cepu ордоос олборлолтоо өдөрт 30,000 баррелиар нэмэгдүүлсэн. Одоо тус талбайгаас өдөрт 180 мянган баррель нефть олборлож байгаа нь Индонезийн нийт нефтийн үйлдвэрлэлийн 25%-ийг бүрдүүлж байна.

АНУ-ын засгийн газраас тогтоосон 7 дугаар сарын 9-ний өдрөөс өмнө шинэ гэрээ  байгуулвал улс орнууд АНУ-д борлуулж буй бүтээгдэхүүндээ өндөр татвар ногдуулахгүй байх боломж гарах юм байна.

4 дүгээр сарын эхээр АНУ Индонезийн бараа бүтээгдэхүүнд 32%-ийн өндөр татвар ногдуулсан. АНУ эдгээр тарифыг 7-р сарын 9 хүртэл түр зогсоосон. Энэ хугацаанд гадаад улс орнууд Америктай хэлэлцээр хийж, АНУ-аас илүү их бүтээгдэхүүн худалдаж авахаар тохиролцож, өндөр татвараас зайлсхийж, АНУ-ын гадаад худалдааны алдагдал буурна гэж Трампын засаг захиргаа тооцоолж байна.

Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай Индонез улс АНУ-аас 10 тэрбум долларын үнэ бүхий газрын тос, шингэрүүлсэн хий (LPG) нэмж худалдаж авах санал тавихаа мэдэгдэв. Индонез улс АНУ-ын татварыг бууруулахыг зорьж байгаа тул Сингапураас импортолдог шатахуунаа багасгаж, АНУ-аас илүү их  боловсруулсан бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байгаа аж. 

Мөн 5-р сард “Pertamina” компани АНУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлох талаар судлаж байгаа гэж мэдээллээ.

Эх сурвалж: oilprice.com